Logo

Уул уурхай: Зөрчлөөс түншлэл рүү

Уул уурхайн үйл ажиллагаанд нөлөөллийн бүсийн иргэд Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг хийж буй сайн туршлагын тухай хүргэж байна. Энэхүү нийтлэл нь гар утаснаас бусад төрлийн дэлгэцээр илүү тухтай уншигдана.
Datastory · 2024-07-28 · Уншсан: 1098

Завхан аймгийн Дөрвөлжин суманд алт олборлодог “Баян-Айраг эксплорэйшн” ХХК нөлөөллийн бүсийн иргэдтэй олон жил үргэлжилсэн үл ойлголцлоо ХОБОМ буюу Хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн ачаар нааштай шийдвэрлэж эхэлжээ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө тус компани их хэмжээний цианид натри хөрсөнд алдсан тухай мэдээлэл цацагдаж, нутгийн иргэд болон компани хоорондын зөрчил туйлдаа хүрээд байсан билээ. Тэгвэл 2022 оноос эхлэн Завхан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Туна тэргэл сар” болон “Талын сарнай” ТББ-ууд хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хүрээнд “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн нөлөөллийн бүсэд ХОБОМ хэрэгжүүлж байна. Баян-Айрагийн алтны төсөл хэрэгжиж буй Дөрвөлжин сумын Цогт багийн малчид алт олборлолтоос байгаль орчинд ямар нөлөө үзүүлж буйг компани болон нутгийн захиргаатай хамтран тогтмол хэмждэг болсон гэсэн үг юм. Малчдын худаг болон төслийн талбай дахь газрын доорх усны хяналтын цооног, ургамлын бүрхэвч, хур тунадасны түвшин гээд байгаль орчны үзүүлэлтүүдийг тогтмол хэмждэг болжээ. Эдгээр хэмжилт дунд хөрсөнд алдсан өнөөх цианит натрийн хэмжилт ч мөн орж байгаа. Цаашдаа энэ жишгээ тогтмолжуулахын тулд Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-т заасны дагуу тус компанийн орон нутгийн захиргаатай байгуулдаг гэрээнд тусгахаар талууд ажиллаж байгаа аж.

Бас нэгэн жишээ. Дорноговь аймгийн Айраг суманд жонш олборлодог, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мин Ли Да” ХХК гэхэд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулж батлуулахдаа хуулийн зөрчил гаргасан, нутгийн иргэдийн тахиж шүтдэг Хонгор овоог хөндсөн гээд зөрчил, маргаан нь хурцадсан байжээ. 2020 оны 6 дугаар сараас эхлэн орон нутгийн захиргаа, “Эх орон хамтын хүч” ТББ, компанийн төлөөлөл хамтран ажиллаж ХОБОМ хэрэгжүүлэхээр болж. Нэг талаас, ХОБОМ-ийн баг нөлөөллийн бүсийн иргэдийн эрх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, мониторингийн аргачлалд сургахын зэрэгцээ, Компанийн хөрөнгө оруулагчид ч нөлөөллийн бүсийн иргэдтэй ойлголцож, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ дахин хуульд нийцүүлэн хийлгэхээр болсон юм. Мөн дүйцүүлэн нөхөн сэргэлтээ иргэдийн хэрэгцээнд нийцсэн газарт буюу малчдын бэлчээрийн гол цөм нутагт бичил уурхайн эдэлбэрт өртөж эзэнгүй орхигдсон 3,1 га талбайд нийт 35,6 сая төгрөгийн шорооны ажил хийж, нутгийн захиргаа, малчдад хүлээлгэж өгчээ. Үүний зэрэгцээ орон нутгаас худалдан авалт хийх, зөрчлийн баримтыг хамтдаа олж тогтоох зэргээр түншилж эхэлжээ. Харин нутгийн захиргаа, багийн иргэдийн нийтийн хурлаар компанийн талаар гомдол маргаан гарах нь багассан байна. Энэ бол талуудыг нэг ширээнд суулгаж, зөвлөлдах замаар зөрчлийг түншлэл болгосон түүх юм.

 

 

Нутгийн иргэдэд түшиглэсэн ХОБОМ-ийг Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн санхүүгийн дэмжлэгээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хүрээнд Хил хязгааргүй алхам ТББ-аас хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн аргачлалыг олон улсын болон үндэсний онцлогт тулгуурлан боловсруулж, таван аймгийн долоон суманд долоон өөр төсөлд 4 жилийн турш туршсан байна. Туршлага солилцох сургалт, семинар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны засаглал хөтөлбөрийн дэмжлэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-13-нд Улаанбаатар хотноо болсон юм. 

Семинарын үеэр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нүүрс олборлогч “Говийн шандаст хүлэг” ХХК-ийн байгаль орчны мэргэжилтэн Б.Отгонбаатар ХОБОМ-ийн сайн туршлагаа хуваалцав. Тэрбээр “Манайх уурхайн талбайгаас төмөр замын өртөө хүртэл 25 км шороон замаар нүүрс тээврээ хийдэг. Мэдээж тоосжилт ихтэй. Технологийн замаас гадуур зам ашиглах, хучлагагүй явах, замын арчилгаа болон усалгаа байхгүй байх зэрэг зөрчил бий. Бид үүн дээр хийсэн мониторингийн үр дүнг удирдлагууддаа танилцуулж, авах арга хэмжээг санал болгосон. Үр дүнд нь зам арчилгааны хуваарийг сайжруулж, хучлагагүй тээврийн хэрэгслийг хориглох зэрэг арга хэмжээ авдаг болсон. Үүний үр нөлөө ч мониторингийн үр дүнгээр харагдаад ирдэг. Тиймээс энэ санаачилгад талууд аль аль нь нааштай хандаж байна” гэв.

 

 

Оролцогч талууд энэ хүртэл ойлголцож хамтран ажиллахад ялангуяа тухайн орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийн зүгээс Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай, Байгаль орчны тухай гээд холбогдох хууль тогтоомжуудыг удирдлага болгосны зэрэгцээ компанийн газар ус, ашиглах гэрээ, Байгаль орчинд нөлөөлөл байдлын нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гээд үндсэн баримт бичгүүдийг уншиж танилцдаг байна. Энэ бүх үйл хэргийн замчаар ХОБОМ-ийн аргачлалыг орон нутагт түгээж буй “Хил хязгааргүй алхам” НҮТББ-ын экспертүүд ажилласан бөгөөд тэдний тусламжтай оролцогч талуудын анхны уулзалт амжилттай болсноо семинарын оролцогчид хуваалцсан юм.

 

Улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилийн байдлаар ашиглалт, хайгуулын 2741 тусгай зөвшөөрлийг 1762 хуулийн этгээд эзэмшиж байна. Үүнээс 20 том уурхай л уул уурхайгаас улсад төлж буй татвар хураамжийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг гэж тооцвол бусад нь жижиг, дунд уурхайнууд юм. Эдгээр уурхайн хувьд орон нутгийн иргэдтэй итгэлцэл үүсгэж, төслөө амжилттай хэрэгжүүлэх нийгмийн лиценз авна гэдэг нэг талаас компаниас их чадавх хүч чармайлт шаарддаг байна. Гэхдээ энд зөвхөн Монголын уул уурхайн тухай ярьсангүй. Угаас нийгмийн лиценз гэдэг ямар ч уул уурхайн компанийн хувьд том сорилт болж, түүнийг шийдвэрлэх олон санаачилга гарч буй нь олон улсын чиг хандлага.

 

Канадын Саймон Фрайзерийн их сургуулийн судлаачид ScienceDirect сэтгүүлд нийтлүүлсэн бүтээлдээ “Хэдийгээр уул уурхайн салбарт ил тод байдал, тайлагналын санаачилга бий болсон ч нийгмийн лицензээ авахад хүндрэлүүд учирсаар л байгаа” гэжээ. Тухайн орон нутгийн захиргаатай уурхайн төсөл хэрэгжүүлэгчид гэрээ байгуулж, хамтран ажилладаг боловч нийгмийн лиценз авахад хангалттай хөшүүрэг болж чадахгүй байгааг амьдрал харуулдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд олон нийтэд түшиглэсэн байгаль орчны мониторингийн схемүүд нь институцийн хяналт-шинжилгээний цоорхойг нөхөх нэмэлт тогтолцоог санал болгодог бөгөөд тэр дундаа хяналт султай эрдэс баялаг үйлдвэрлэгч орнуудын байгалийн баялгийн засаглалыг сайжруулахад хувь нэмэр оруулах боломжтой аж. Зимбабвегийн Дека голын уул уурхайгаас үүдсэн металын бохирдлыг хэмжих зорилгоор олон нийтийн оролцоотой мониторинг хийсэн Швейцарь, Зимбабве улсын эрдэмтэд “Иргэдийн оролцоотой хяналт мониторинг нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтот багтсан ус, ариун цэврийн байгууламжийн зорилтыг хангах нэг арга зам” гэж үзэх болсон талаар судалгаандаа дурджээ. Нутгийн иргэдийн хамтын оролцоотой байгаль орчны мониторинг нь эрдэс баялагтай хөгжиж буй орнуудад төдийгүй АНУ, Канадын занар, ураны салбарт ч нэвтрээд байгаа аж.

 

Харин Монголын хувьд 4 жилийн өмнөөс ХОБОМ-ийг нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллага, төр, компани гэсэн засаглалын тэнцвэр хангасан загвараар явуулж буй юм. Төсөл хэрэгжүүлэгчийн хувьд бизнесийн ёс зүй талаасаа зөв имиж болж, нутгийн иргэдтэй ойлголцож, нийгмийн лицензээ авдаг. Төрийн байгууллагын зүгээс иргэдийг мэдээллээр хангах, зохицуулах ажлаа олон нийтийн оролцоотой хийж, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж байгаа хэлбэр. Иргэдийн хувьд төр болон компанитай ижил түвшний мэдээлэлтэй болж, ойлголцсоноор байгалийн баялгийг олборлож ашиглах үйл явцад хууль журмын дауу оролцож, эрх ашгаа хамгаалах ач холбогдолтой.

 

Энэ талаар “Хил хязгааргүй алхам” НҮТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “Уул уурхайн бизнесийн үйл ажиллагаа байгаль орчин, мал аж ахуй, малчин өрхийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлээд, түүнийг нь шийдэхгүй явснаар жагсаал тэмцэл болох, улмаар төсөл хэрэгжүүлэгчийг Эрүүгийн цагдаа алба, АТГ гээд хууль хяналтын байгууллагад өгч, сүүдээ компанийн үйл ажиллагаа зогсоход хүрдэг. Өөрөөр хэлбэл, оролцогч тал бүр мухардалд орсон үйлдлүүдийг өнгөрсөн хугацаанд хийсээр ирсэн байна. Тиймээс бүгд нүүр нүүрээ харж нэг ширээнд суугаад асуудлаа тойроод ярилцаж, хамтдаа гарц шийдэл хайх нь ХОБОМ-ийн үр дүн” хэмээв.

 

Нэг талаас ард иргэд байгалиа хамгаалах арвин уламжлалтай, нөгөө талаас, төсвийн орлогынхоо гуравны нэгийг, ДНБ-ийхээ 25-30%-ийг олборлох салбараас бүрдүүлдэг, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд уул уурхай дагасан зөрчил хэзээд байсаар ирсэн. Гэтэл шийдвэр гаргагчид засаглалын энэ асуудлыг орхигдуулж, уул уурхайгаас олдог орлогодоо л илүү анхаарсаар байна.  Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хандив дэмжлэг өгөх нь уул уурхайн өгөөжийг орон нутаг хүртэж буй хэлбэр болохоос биш байгалийн баялгийг олборлоход иргэд оролцож буй үйл явц гэж үзэхгүй юм. ХОБОМ бол өргөн утгаараа шинжлэх ухаанч мэдлэгт тулгуурлан иргэд, малчид нутаг орондоо явагдаж буй уул уурхайн үйл ажиллагаанд оролцож, гарч болох эрсдэл, байгаль орчны доройтлоос хууль журмын дагуу хамтаараа сэргийлж байгаа хэлбэр. Үүний тулд малчид хууль эрх зүйг судална, компани хийгээд төрийн байгууллагад хууль ёсны шаардлага тавьж зөвшилцөнө, мэдээлэл цуглуулж боловсруулах арга барилд суралцаж, дүн шинжилгээ хийж хариу арга хэмжээ авах гэсэн гинжин хэлхээг гардан гүйцэтгэнэ гэсэн үг.  

 

ХОБОМ-ийг ашиглан уул уурхай дахь талуудын зөрчлийг шийдвэрлэж, компаниуд нийгмийн лицензээ авахын тулд хөрсөндөө буусан хууль эрх зүйн хөшүүргээс гадна мэдээллийн сангийн асуудал чухлаар тавигдаж байна. ХОБОМ-ийн туршлагыг харвал 7 төслийн нөлөөллийн бүс дэх ус, ургамал, агаар, хөрс гээд байгаль орчны өөрчлөлтийг хэмжсэн 4 жилийн өгөгдөл мэдээлэл үүссэн байна. Энэ өгөгдөл хэрэглэгдэхгүй, хэн нэгний компьютерт хадгалагдах нь тун харамсалтай юм. Өгөгдлийг хэрэглэж байж чанар нь сайжирна, үнэ цэн нэмэгдэнэ. Тэгэхээр тухайн төслийн түвшинд, сумын хэмжээнд, мөн аймаг, бүс цаашлаад улсын хэмжээнд уул уурхайн төслүүдийн нөлөөлөл байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг илтгэх дата санг хүссэн, хүсээгүй бий болгох цаг ойрхон болов уу. 

 

ХОБОМ-ийн ач холбогдлын тухай онцлох 5 санаа

 

 *  *  *  1  *  *  *

ХОБОМ-ийн энэ төсөл дэлхийн 10 оронд хэрэгжиж байгаа. НҮБ-ын төв оффисоос манай аргачлалыг маш үр дүнтэй гэж үзсэн учраас эдгээр орон манай аргачлалаар явж байгаа. Перу улс гэхэд шууд хуулаад хуулиндаа тусгасан. Киргиз улсад байгаль орчин, уул уурхайг нь нэг яам хариуцдаг тул ХОБОМ-ийг хэрэгжүүлье гээд байгаль орчин нь шийдвэл уул уурхайд нь хэрэгжүүлэх боломжтой. Би энэ хөтөлбөрийг туршиж үзсэний хувьд хэдийгээр одоогийн байдлыг хангалттай гэж үзэхгүй ч өөрчлөлт гаргаж, зөрчил маргааныг шийдвэрлэх боломжтой гэдгийг ойлгосон. 

 

 *  *  *  *  *  *

Стратегийн хэдэн ордоос бусад жижиг, дунд хэд хэдэн уурхайн БОНБНҮ, БОМТ-г харьцуулаад үзэхэд ихэнх нь шаблон, эсхүл бүрэн гүйцэт хийдэггүй, үнэлгээний бичиг баримт өгье гэдэг нэр төдий байдаг юм байна. Түүнээс биш бизнесийг эрсдэлээс хамгаалах үнэлгээ, судалгаа юм байна гэдгийг компани өөрөө ч хардаггүй, бичиг баримтын бүрдүүлбэр төдий байна. Гэтэл БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөл өнөөдрийг хүртэл ийм хангалтгүй баримт бичигтэй төслүүдийг хэрэгжүүлэх боломжгүй гээд буцаасан тохиолдол нэг ч байдаггүй.

 

 *  *  *  *  *  *

Уул уурхайн бизнесийн үйл ажиллагааны байгаль орчин, мал аж ахуй, малчин өрхийн амьжиргаанд үзүүлсэн сөрөг нөлөөг нь бууруулах арга хэмжээ авахгүй, шийдэхгүй яваад байвал тэсрэх түвшинд хүрч байна. Талууд ойлголцохгүй, нэг нэгнээ үгүйсгээд байвал хаа хаанаа ямар ч ашиггүй. Компани байсгээд л өвс тарааж, гурил будаа авч өгдөг арга барилаараа л байна. Гэхдээ зөрчил бол хэзээд байна. Гэвч компани бүр дээр очоод зөрчлийг шийдвэрлээд явах иргэний нийгмийн байгууллага байхгүй. Тиймээс сууриар нь сайжруулахын тулд Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хууль нь Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний хууль болох ёстой. Ингэснээр усны түвшинд ийм өөрчлөлт орно, ургамал болон тоосжилт тийм болно, чимээ шуугиан гарснаар эрүүл мэндэд ийм нөлөө үзүүлнэ гэх зэргээр бүх нөлөөлөл нь нарийвчилсан үнэлгээгээрээ үнэлэгдэж, эрсдэл нь тооцогдох юм. Үүний дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр бууруулах, сааруулах арга хэмжээ авдаг.

 

 *  *  *  *  *  *

Уур амьсгалын өөрчлөлттэй хүссэн, хүсээгүй бүгд нүүр тулж байгаа. Хурдацтай явагдах тусмаа талуудад хохиролтой. Гэхдээ Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг ХОБОМ-ийн датагаар хэлэхэд одоохондоо боломжгүй. Манайх жилийн 4 улиралтай, зун бүр ижилгүй, энэ хавар хур эрт орж байхад дараагийн хавар юу ч үгүй шороон шуурга тавьдаг эрс тэс. 10 жилийн хугацаанд гантай жил 2, зудтай жил 2 тохиолдоно шүү дээ. Ядаж 10 жилийн хангалттай дата байж гэмээнэ яг энэ уурхайгаас эсвэл уур амьсгалын өөрчлөлтөөс орчны доройтол үүсэж байна гэдгийг хэлж чадна гэж бодно. 

 

 *  *  *  5  *  *  *

Дорноговь аймгийн Айраг бол жишиг сум болоод явах боломжтой. Ашиглалтын 33 лицензийн 2т нь ХОБОМ хэрэгжсэн байна. Тиймээс одоо бусад компаниа сумын төвдөө цуглуулж байгаад нөлөөллийн бүсийнх нь малчидтай ойлголцуулж, хамтарч ажиллахад уриалж, цаашлаад Дорноговь аймгийн хэмжээнд ийм байдлаар хийх боломжтой байна. 

 

Сэтгэгдлүүд


Бусад интерактив нийтлэлүүд

Шинэ нийтлэлээс хоцрохгүй байцгаая.

Имэйлээ үлдээгээрэй