Logo

Хүдэр хувиргадаг ухаанд шамдагч

Энэхүү нийтлэлийг Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарт ажилладаг STEM эмэгтэйчүүдийн ажил мэргэжлийг олон нийтэд сурталчлах зорилгоор Хөгжлийн төлөө өгөгдөл НҮТББ, Эрдэс баялаг, эмэгтэйчүүд НҮТББ-ын дэмжлэгтэйгээр бэлтгэв. Гар утаснаас бусад төрлийн дэлгэцээр илүү тухтай уншигдана.
Datastory · 2024-09-10 · Уншсан: 918

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Ариунзаяа, Редактор: З.Цэлмэг

 

Нүүрс, нүүрсний үнс, төмрийн хүдрийн уурхайн хаягдал зэрэг хоёрдогч эх үүсвэрээс газрын ховор элементийг гарган авах боломжийг судалж, таниулснаараа Б.Азжаргал салбартаа ч, өөртөө ч, эх орондоо ч өөрчлөлт бий болгов.

Тэрбээр ДЦС-4-д ашигласан хөнгөн үнсэнд газрын ховор элемент байдгийг залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэл тогоот-2022” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд олонд дэлгэснээр газрын ховор элементийг газар доороос биш газрын гадаргаас ч олж авах боломжтой гэдгийг олон хүнд таниулах нь тэр. Уг судалгааны бүтээлээрээ тэр тус хурлын “Технологи-инновац” салбарт тэргүүн байр эзэлж, БСШУ-ны Сайдын нэрэмжит грант авав. Дэлхий дахин газрын ховрын араас хөөцөлдөж, хөгжингүй орнууд асар их хөрөнгө оруулалтыг зориулж байгаа энэ цаг үед Б.Азжаргалын хийсэн энэхүү судалгаа Монголын уул уурхайн салбарт цоо шинэ бөгөөд чихэнд чимэгтэй мэдээ юм.

 

Эх сурвалж: Хувийн архиваас

Ашигт малтмалын баяжуулагч инженер гэдэг мэргэжлээр овоглон, 10 гаруй жил хүдэр хувиргах ухаанд шамдан буй Б.Азжааргалын хувьд тэрхүү “2022 он хамгийн азтай жил байсан” гэж дурсав. “Хүрэл тогоот”-оос грант авч, Германы Фрайбергийн Уул уурхай, технологийн их сургуульд магистрт суралцах тэтгэлэг авч, салбартаа ч нэлээд танигдсан гээд сурч мэдэхийн төлөөх зүтгэлд нь хариу барьсан хувь тавилангийн бэлэг байжээ. Гэхдээ энэ хүртэлх зам саад бартаатай, сорилт нугачаатай байсан.

Б.Азжаргал ШУТИС-ийн “гавал” оюутнуудын нэг байсан тул тухайн үеийн манай хамгийн шилдэг технологитой нэгэн уурхайд дадлага хийх боломж олджээ. Сурсан мэдсэнээ ажил амьдралдаа ашиглаж, хийж бүтээх гэсэн тэмүүлэлдээ хөтлөгдсөн түүнийг уурхайд тааралдсан хүн бүр л “Энэ юу чадах юм бол” гэх харцаар харж, зарим нь бүр жишим ч үгүй хэлдэг байв.

 

Нэг өдөр тус уурхайд металлургичаар ажилладаг нэгэн ах Б.Азжаргалаас мэргэжлийн шалгалт авчээ. Туршлага багатай, шинэков байсан тул алдаж, онов. Гэтэл өнөөх ах “Миний дүү эмэгтэй хүн уул уурхайн салбарт ажиллах хэцүү, эртхэн амьдралаа бод. Төгссөнийхөө дараа шантраад хаяна, эсвэл хүүхэд гаргаад гэртээ суучихна” гэсэн нь Б.Азжаргалын хүүхэд байхаасаа л тэмцэгч байсан зан чанарыг нь өдөөчих нь тэр. Тэр ахын үгэнд гомдсонгүй бас шантарсангүй. Харин ч хурцлагдаж, уул уурхай бол эрэгтэйчүүдийн ертөнц гэсэн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчилж, заавал мэргэжлээрээ ажиллаж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг ижил тэнцүү үнэлүүлнэ гэж шийджээ.

 

Б.Азжаргал иймэрхүү хүйсийн, баян хоосны, биеийн жижиг томын гээд нийгмийн ялгаварлалыг сурагч байхаасаа мэдэрсэн. Тиймээс ээж нь “Эмэгтэй хүн боловсролтой байх хэрэгтэй. Юу сурна, түүнийхээ үр дүнг заавал үз” гэж сургадаг байсан учир хашаанаасаа гарч, гадаадад сурч, сайхан амьдрах тухай бодлын хүчээр тэмцэгч, дайчин, шаргуу, зорьсондоо хүрдэг эмэгтэй болж төлөвшжээ.

Гэхдээ өнөөх ахын үг зарим талаараа үнэн байлаа. Монгол Улсад уул уурхайн салбар “boom” болох үед Геологийн төв лабораторид шижигнэсэн 10 залуу ажилд орсны нэг нь Б.Азжаргал байв. Оюутан байхдаа лабораторийн дадлагаа энд хийж, салбарынхаа үнэ цэнийг мэдэрсэн тул лабораторидоо ажиллахаар шийдсэн нь тэр. Ажилд орохдоо 3 сартай жирэмсэн гэдгээ хэлээгүй тул олон хүний зэмлэлийн бай болж байлаа. Анхны бие дааж хариуцсан ажил нь жоншны баяжигдах чанарын судалгаа байж. Гэвч тэрхүү дээж нь баяжигдах шинж чанар муутай байсан тул үйлийг нь нэлээд үзжээ. Гэсэн хэдий ч өөрөө бүх судалгаагаа гардан хийж, үр дүнг нь удирдлага болон захиалагчдаа бүрэн дүүрэн хүлээлгэж өгөх ёстой тул амаржих хугацаа нь тун ойртсон байсан хэдий ч гүрийсээр ажлаа дуусгасан гэдэг.

Амаржаад удалгүй байж байтал 6 сарын дараа ажилдаа орохыг “үүрэгджээ”. Тэр цагаас хойш эрдэс шинжилж, хүдэр хувиргадаг судалгаа шинжилгээний ажилдаа зүрх сэтгэлээ зориулсаар байгууллагынхаа, цаашлаад улсын хэмжээнд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, Монголын Улсын мэргэшсэн инженер болжээ.

Шинжлэх ухаанд хайртай Б.Азжаргал дэлхийн трендтэй хөл нийлүүлж, хөгжилд залдаг хамгийн сүүлийн үеийн мэдлэгийг шингээж, ажил мэргэжилдээ ашигладаг. Тиймээс ч тэрбээр өдгөө дэлхийн хөгжлийг тодорхойлж буй газрын ховор металлын салбарт өөрийгөө зориулж явна. Тэрбээр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Байгалийн нөөц, технологийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт хамрагдан, судлаач оюутнууд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн "Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж"-тэй хамтран “Нүүрс, нүүрсний үнс, төмрийн хүдрийн уурхайн хаягдал зэрэг хоёрдогч эх үүсвэрээс газрын ховор элемент гарган авах боломжийн судалгаа”-г ахалсан. Өнөөдөр дэлхий дээр ногоон технологийн хөгжилтэй холбоотойгоор газрын ховор элементийн хэрэглээ 200 гаруй төрлийн дэвшилтэт техник технологи, сэргээгдэх эрчим хүч, хайбрид болон тогтмол соронзон технологид ашиглаж байгаа аж. Тиймээс ч газрын ховор элементгүй улс орнууд ч хоёрдогч түүхий эдээс хөгжлийг тодорхойлох ховор элементийг гаргаж авах судалгаа шинжилгээнүүдийг сүүлийн 10-аад жил эрчимтэй хийх болжээ.

 

“Баяжуулагч инженерүүд бүгд өөр өөрсдийн чиглэлээрээ дагнадаг. Дэлхийн нийт бүх юмыг дахин боловсруулах чиглэл рүү явж байна. Манай улсад анхдагч эх үүсвэрээс газрын ховор элемент гарган авах судалгаа хийж байгаа. Харин бидний хувьд үүнийг хоёрдогч эх үүсвэрээс илүү бага зардлаар гарган авах боломжийг судалсан юм. Ингэхдээ судалгаандаа Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нүүрсний 6 уурхай, төмрийн хүдрийн 3 уурхайгаас мөн ДЦС-ын үнснээс гээд нийт 43 дээж авч шинжлүүлсэн. Монголд 3 төрлийн лабораторид, бас Герман руу явуулж химийн шинжилгээ хийн, газрын ховор элементийн агуулгыг тодорхойлуулсан. Үр дүнд нь төмрийн хүдрийн уурхайн дээжээс илүү нүүрсний уурхай, ДЦС-ын үнсэнд газрын ховор элемент илүү агуулгатай байсан. Ялангуяа, эрчим хүчний зориулалттай, бага илчлэгтэй хүрэн нүүрс ашигладаг ДЦС-4 ТӨХК-ийн үнсэнд өндөр илэрсэн. Хэдийгээр үйлдвэрлэлийн үр ашигтай агуулга заасан дээж байхгүй ч зарим нэг дээж нь анхаарал татаж байгаа тул цаашид нарийвчлан судлах хэрэгтэй болж байна” гэж ярилаа.

 

Энэхүү суурь судалгааны дараа судлаачдын дунд хоёрдогч эх үүсвэрээс газрын ховор элемент гаргаж авах дараа дараагийн судалгаанууд хийгдэж эхэлсэнд тэрбээр баяртай байдаг аж. Монголын уул уурхайн салбарын технологид инновац авчирсан тэрхүү судалгааны дараа Б.Азжаргал энд тэндэхийн уулзалт, зөвлөгөөнүүдэд уригдан илтгэл тавьж, мэдлэг хуваалцан, салбарын яамны Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, газрын ховрын талаарх бодлого тодорхойлолцож эхэлсэн байна.

“Геологийн судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ-т захиалагчид ашигт малтмалын баяжигдах шинж чанарын судалгаа хийлгэхдээ ашигт малтмалын баяцын үнэлгээ, ордын нөөц баталгаажуулах, баяжуулах үйлдвэрийн төсөл зохиомж, шинэ технологи, схем боловсруулах, технологийн горим өөрчлөх болон шинэ урвалж турших гэсэн 6 тохиолдолд ханддаг. Б.Азжаргал шиг баяжуулагч инженерүүд тэрхүү хайгуулын болон ашиглалтын үед авсан дээж, хүдрийн баяжигдах шинж чанарт судалгаа хийдэг аж. Захиалагчдадаа сайн үр дүн гаргаж өгөхийн тулд л баяжуулагч инженерүүд бүхий л чадвар, нөөц бололцоогоо ашиглах ёстой. Учир нь хүн бүрийн хамар, нүд өөр өөр байдагчлан дээж бүр өөр өөрийн гэсэн онцлог шинж чанартай. Баяжуулагч инженер тэр онцлог шинж чанарыг нь зөв мэдэрч, арга техник зөв сонгох нь үр дүнд шууд нөлөөлдөг аж.

Б.Азжаргал “Хүдрийн 80% нь үйлдвэрлэлийн ашиггүй, 20% нь ашигтай эрдэс байдаг. Үүнийг ялгаж авахын тулд инженерүүд яг л эрдэмтэн шиг уншиж, судалдаг. Нэг дээжийн тайлан нэг дипломын бичвэртэй дүйдэг. Би тайлан бүрээсээ суралцдаг. Дараа нь ямар дээж ирж, би ямар шинэ мэдлэг хуримтлуулж, шинэ сорилт, туршилтуудтай нүүр тулах бол гэж хүлээдэг” гэлээ.

Баяжуулагч инженерүүдийн хувьд лабораторид ажилласнаар олон төрлийн дээж дээр ажиллаж, улмаар мэдлэгийн хүрээгээ ч хязгааргүй тэлэх боломж байдаг аж. Хэрэв ашигт малтмал баяжуулалтын чиглэлээр уул уурхайн компанид ажилладаг инженерүүд нэг төрлийн ашигт малтмалаар мэргэшсэн байх нь түгээмэл. Харин “Геологийн судалгаа шинжилгээний төв”-д бол олон төрлийн хүдэр дээр хамгийн олон аргаар туршиж, үр дүн гаргадаг тул инженерүүд нь тэр олон дээжийн туршилтын үр дүнгийн тооцоог тайлж унших чадвартай болдог байна. Мөн хими, физик, геологи гэх мэт тал бүрийн мэргэжлийн мэдлэг туршилт судлагаа хийхэд хэрэг болдог. Ингэж байж баяжуулагч инженерийн дүгнэлт нь үндэслэл сайтай гарч, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тухайн орд, газрын үйлдвэрлэлийн нөөцийг нь тогтоох суурь болдог байна.

 

Б.Азжаргал өнгөрсөн 13 жилийн хугацаанд 40-50 тайлан бичжээ. Тэдгээр ордын зарим нь өнөөдөр ашиглалтад орох гээд үйлдвэрлэлийнхээ шатанд амжилттай явж байгааг харах түүнд сайхан санагддаг аж.

 

Гэхдээ туршилт болгон амжилттай болдоггүй. 10 жилийн өмнө эдийн засгийн хувьд боломжгүй, үр ашиггүй гэгдэж байсан дээж өнөөдөр шинэчлэгдсэн технологиор үр ашигтай гэж гарах тохиолдол бий. Гэхдээ хэрэв тухайн улс эрдэм мэдлэгийг дээдэлж, шинжлэх ухаанаа сайн хөгжүүлсэн бол заавал ингэж “хүлээх” шаардлагагүй юм. Даанч манайд хоцрогдоод байгаа нь түүний ажилд ингэж нөлөөлдөг байна. Түүнчлэн баяжуулагч инженерүүдийн нэг бэрхшээлтэй тал нь судалгааг нэгэнт эхэлсэн бол ямар ч асуудал гарч байсан заавал дуусгахаас аргагүй байдаг. Яг л тангараг өргөсөн эмч шиг л ухарч няцаж болохгүй үүрэг хариуцлага үүрдэг гэсэн үг. Хэрэв туршилтаа бүх боломжит хувилбараар туршиж үзэхгүй, сэтгэл гаргаж хийхгүй л бол хайгуулд тэрбум, тэрбумаар мөнгө хаяж, эрсдэл үүрсэн компанийг дампууруулах аюултай. Үүний цаана олон зуун хүний ар амьдрал яригддаг тул дээж бүр дээрээ хариуцлагыг маш өндөр хэмжээнд барьдаг байна.

 

Лаборатори бол баяжуулагч инженерийн мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдэд маш тохиромжтой газар гэдгийг Б.Азжаргал туршлагаараа мэдэрчээ. Лабораторийн туршилтын явцад аливаа дээжийн өнгө маш хурдан өөрчлөгдөж хувирдаг бөгөөд тэрхүү хувиралыг гярхай анзаарч, тэмдэглэж авах нь тун чухал. Үүнд эмэгтэйчүүдийн нарийн мэдрэмж, аливааг орхигдуулалгүй яс хийдэг төрөлх зан давуу тал болдог аж. Энэ ч үүднээс шинжлэх ухааны салбарт эмэгтэйчүүд ажиллаж, аль нэг тэтгэлэгт хамрагдахад хүртэл эрчүүдээс илүү сонгогдох магадлал өндөр байдаг байна.

 

Б.Азжаргал одоо БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй “Монгол, Солонгосын хамтарсан Газрын ховор металлын судалгааны төв байгуулах төсөл”-ийн зохицуулагчаар ажиллаж байна. Энэ төв нь Молгол Улсдаа хамгийн шинэлэг, сүүлийн үеийн лаборатори болох бөгөөд барилгын ажил нь дуусах шатандаа оржээ. Ийм төвтэй болсноор манай улсын уул уурхайн судалгаа шинжилгээний салбарт том хөгжил дэвшил болно. Энэ чиглэлээр суралцаж байгаа олон олон мэргэжилтэн, оюутнуудад хөгжих, дэлхийн мэдлэг олж авах боломжууд гарч ирнэ. Тиймээс энэ бол Б.Азжаргалын хувьд гайхамшиг юм. Тэр эх орныхоо эрдэс баялгийн салбарын хөгжлийг нэг биш нэлээд хэдэн шатаар ахиулж, олон шинэ судалгааг эхлүүлж, дэлхийтэй хөл нийлүүлэх лабораторитой болохыг Финландын Геологийн албанд ажиллаж, Германы лабораторид дадлага хийж явахдаа мөрөөдөж байсан гэдэг. Б.Азжаргал “Мөрөөдөлд маань хөтөлсөн энэхүү сайхан мэдлэгийг шингээж, мэргэжлийг олж авахад замчилж, чиглүүлсэн эрдэмтэн багш, хамт олон, дэмждэг бүх л хүнд чин сэтгэлээсээ талархаж амьдардаг даа. Тэд маань байгаагүй бол би ийм хэмжээний инженер болохгүй байсан. Судалгаа шинжилгээний бүтээл бол үргэлж хамтын хүчин зүтгэлийн үр дүн байдаг шүү дээ” хэмээн ярив.

 


Сэтгэгдлүүд

2024-09-10 13:32

Nice 😊 amjilt

2024-09-10 13:09

амжилт хүсэе найздаа👏🏻👏🏻👏🏻

2024-09-10 12:00

Найздаа амжилт хүсье.