Logo

З.Батбаяр: Туул гол тасалдаж байгааг хөрш орнууддаа мэдээлдэггүй байсан нь бидний алдаа

Datastory.mn-ийн “Учир мэдэх зочин” булангийнхаа анхны зочноор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаярыг урилаа.
Datastory · 2024-03-29 · Уншсан: 405

Энэхүү ярилцлагаас та дараах сэдвүүдийн талаар илүү тодорхой ойлголттой болно гэж найдаж байна.

-Хөгжил ба усны жигд хуваарилалт
-Говийн усны хэрэглээ ба газрын доорх усны хайгуул
-Усны мэдээллийн нэгдсэн сан
-Гадаргын усны хуримтлал

Унших хугацаа 19 мин.

 

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Усны газар улсын хэмжээнд усны бодлогыг зангиддаг газар. Манай улс төсвийн бодлогоороо дамжуулж усны бодлогодоо хэр зэрэг анхаардаг вэ?

-Манай улсын өнөөгийн эдийн засгийн байдлаас шалтгаалаад Усны газар төсвийн бусад байгууллага шиг үйл ажиллагаагаа төсвөөрөө удирдах боломжгүй байдаг. Учир нь, усны асуудал бол бизнес шиг ашиг нь тэр доороо ирдэггүй. 50, 100 жил магадгүй түүнээс ч олон жилийн дараа үр дүн нь гардаг учраас өнгөц харсан хүнд үр ашиггүй мэт. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа усны нөөц нь 29 сав газарт харъяалагддаг бөгөөд үүнийг манай Усны газрын дэргэдэх 21 сав газрын захиргаа хариуцдаг. Энэ 2024 оны төсөвт Хэрлэн гол, Өгий нуурын сав газартай нийлээд нийт 12 тэрбум орчим төгрөг хуваарилагдсан. Үүний 60% орчим нь ажилчдын цалин, нийгмийн даатгалд зарцуулагддаг. Усны асуудал бол уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, барилга хот байгуулалт гээд чиглэл бүрийн яамны төсвөөс гадна Ерөнхийлөгчийн төсөвт ч тусгагддаг. Хэдийгээр ингэж бүх хэсэгт шингэдэг хэдий ч дутагдалтай л байна.

Нэг баримт хэлье. Туул гол дээр усан сан баръя гэж бид их олон жил ярьж байгаа. Гэтэл ТЭЗҮ нь 800 сая ам.доллар буюу 2.4 их наяд төгрөг. Манай улсын төсвийн бараг 10% буюу нэг жилийн хөрөнгө оруулалттай тэнцэх хэмжээний мөнгө. Тэгэхээр бид төсвийн бус аргаар буюу маш ухаалгаар ажиллахаас өөр аргагүй. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын асуудалд төр бололцооны хэрээр төсөв хуваарилдаг, сайжруулдаг. Харин усны салбарт ганц усан сан нь төсвийн 10%-ийг авчихаар эхний ээлжинд 3-4 цаашлаад 10 усан сан барих тухай ярьж буй бидэнд төсөв хараад суух ямар ч боломжгүй. Манай салбарын онцлог энэ. Усны салбарын хөрөнгө оруулалт хэн нэгэнд ашиг болж очдоггүй. Тэгэхээр төсвөөрөө дамжуулж усыг удирдах нь хэтэрхий хязгаарлагдмал болно.

 

 

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар усны хайгуул хэр хийж байгаа вэ?

-Хайгуул гэдгийг олон талаас нь бодох хэрэгтэй. Эхлээд газрын доорх усны хайгуулыг яривал 2023 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 17.3%-д нь хийгээд байна. Саяхан Булган аймгийн Дашинчилэн сумын төвд газрын доорх усны хайгуул хийхэд 400 сая төгрөг зарцуулсан. Зөвхөн сумын төвд хийхэд шүү. Тэгэхээр Монгол орны үлдсэн 83%-д хийхээр хэр зэрэг төсөв гаргах уу? Ер нь усны хайгуулыг нэг хийгээд болчихдоггүй. Социализмын үед манай улс хайгуулаа бүсчилсэн байдлаар хийж байсан. Энэ нь нэг шоо метрээс ийм хэмжээний ус гарч болзошгүй гэдэг магадлалыг тооцоолдог. Үүний дараа нарийвчлан судалж, өрөмдлөг хийсний дараа нөөцөө тогтоодог. Нөөцөө тооцохдоо дахин судалгаа хийж, боломжит нөөцийг нь тодорхойлдог. Эдгээр нь бүгд тогтсон үйл ажиллагаа учир бидэнд асар их хөрөнгө хэрэгтэй. 

 

 

Дээр нь хүний нөөц, техник тоног төхөөрөмж гээд их зардалтай. Ер нь усны асуудал яагаад явахгүй байгаа, үр дүнгүй юм шиг байдгийн цаад шалтгаан энэ. Гэхдээ бид ийм байна гээд зүгээр суудаггүй. Болгохын төлөө ажиллаж байна. Монгол Улсад усны мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсний 50 жилийн ой болох гэж байна. Ойн хүрээнд мэргэжилтнүүддээ улсын хэмжээнд 100% газрын доорх усныхаа нөөцийг тодруулцгаая гэж уриална. Энэ бол бидний ирээдүй. Хэдийгээр хол сонсогдож байгаа ч ядаж суурингууд, ирээдүйд хот байгуулах газруудад газрын доорх усны эрэл хайгуул хиймээр байна. Харамсалтай нь газрын доорх усны чиглэлээр сурч байгаа оюутнуудын тоо маш цөөхөн байна.

 

Уг нь дэлхийд хамгийн өндөр цалин хангамжтай нь усны тэр дундаа газрын доорх усны мэргэжилтнүүд байдаг.

 

-Хоёулаа яриагаа хайгуул руугаа чиглүүлье. Засгийн Газар дунд хугацааны хөгжлөө төлөвлөж “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж байгаа. Энэ бодлогын хүрээнд усны хайгуул хэр хийгдэж байгаа вэ. Дашинчилэн суманд хийсэн шиг хэсэгчилсэн байдлаар хийгдэж байна уу эсвэл төлөвлөгөөт байдлаар хийгдэж байна уу?

-Одоогоор 1:200,000-н нарийвчлалтай зураг хийсэн байна. Энэ маань 50, 100 мянга гээд нарийвчлах ёстой. Говийн бүс нутгийн хувьд Дундговийг эс оролцуулбал 1:200,000-н нарийвчлалтай зураг бараг ихэнх хэсэгт нь хийчихсэн. Тэгэхээр цаашдаа нарийвчлах шаардлагатай буюу Гүний хоолойн орд шиг усны нөөц тогтоогдох боломжтой. Гидрогеологийнхны хэлж буйгаар бараг бүх газар усны нөөц байгаа. Харамсалтай нь, зөвхөн уурхайдаа зориулж нөөц хайгаад баймааргүй байна. Эхний ээлжинд ахиухан санхүүжилт гаргаж нийт нөөцөө тогтоомоор байна. Энэ жил гэхэд манай байгууллагад 600 орчим сая төгрөг л хайгуулд төсөвлөгдсөн. Энэ бол Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ундны усны нөөцийг л тогтоох хэмжээний мөнгө. Ингээд бодохоор нийт газар нутагт хийвэл хэд болох уу?. Улсад ийм хэмжээний мөнгө одоохондоо байхгүй. Гэтэл нөгөө талаар хувийн байгууллагууд ч гэсэн “за алдвал алдана биз” гээд хайгуулд орох дуртай биш. Ус хэзээ л бол хэзээ гарч ирнэ. Гол нь хэрэгцээт хэмжээнд хүрэх үү гэдэг л байна.

Манай улсын хөгжлийн бодлогын хүрээнд 2030 оныг хүртэл усны хуримтлалын жилүүд болгох алсын хараа гарсан. Үүнд газрын доорх болон гадаргын ус тэр байтугай шүдээ угаахдаа урсгадаг ус хүртэл хамаатай. Тиймээс усны хуримтлал бий болгох тал дээр сэтгэхүйн өөрчлөлтийг иргэдэдээ ойлгуулъя гэж байгаа юм. Усны хуримтлал гэхээр танд юу бодогдож байна вэ?

-Хамгийн түрүүнд гадаргын ус санаанд орж байна?

-Хуримтлал гэхээр УЦС, боомт гээд том зүйл бодох биш хамгийн энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй. Лондон хотын гудмаас тоосго олдоггүй гэдэг хошин яриа бий. Хэрвээ тоосго олдвол гэрийн эзэгтэй нар цүнхэлж аваачаад жорлондоо хийчихдэг. Тухайн айл өдөрт 7 литр ус ашигладаг байсан бол тоосго хийснээр 6 литр болж, сарын хугацаанд төдий хэмжээгээр усны мөнгөө хэмнэдэг. Үүнийг дэлхийн нийт эхлээд шоолдог байсан бол одоо англичуудын арвич хямагч зангийн нэрийн хуудас болчихсон. Ийм жижиг зүйлээс өнөөдрийн бидний яриад байгаа тогтвортой хөгжил эхэлдэг. “Алсын хараа 2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д энэ мэтчилэн усны асуудал туссан байгаа. “Алсын хараа 2050” бодлогын анхны алхам нь “Шинэ сэргэлт” гэж ойлгож болно. Энэ бодлогын хүрээнд:

Үүний тулд бид жижгээсээ эхлээд том руугаа явах ёстой ч харамсалтай нь дэс дараатайгаар хэрэгжүүлж чадахгүй байна. 

-Усны газар эдгээрийг эрэмбэлж байгаа болов уу. Нэн түрүүнд хийх шаардлагатай нь юу вэ?

-Усны нөөц хаана байна, тэнд хөгжил бий болдог. Саудын Арабыг ихэнх хүн их мөнгөтэй газар болохоос хөгжилтэй газар биш гэж үздэг. Гэтэл Герман, Канад, Америк, Тайван, Японыг хөгжилгүй гэж үзэх үндэсгүй. Шалтгаан нь устай юм. Хөгжил гэдэг зүйл нь хот улсуудад маш хурдан явагддаг. Харин өргөн уудам газар нутагт хөгжил гэдгийг юу гэж ойлгох нь бэрх. Канадыг бид маш өндөр хөгжилтэй гэдэг ч тодорхой бүс нутаг, хот сууринд тааруу хөгжилтэй газрууд бий. Тиймээс жигд хөгжил бий болгох гол зүйл нь усны нөөцийн жигд хуваарилалт юм. Эмиратад усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгоогүй зөвхөн зарим газарт хуримтлал бий болгосон учраас Дубай зэрэг газрууд нь хөгжөөд бусад нь орхигдсон байна. Үүнтэй адил, Монгол Улсын тогтвортой хөгжлийн гол зорилго бол усны нөөцийн жигд хуваарилалт. Жишээ хэлье. Монгол Улсын 2 иргэн хоорондоо 100 метрийн зайтай, нэг нь орон сууцанд, нөгөөх нь гэр хороололд амьдарч байна. Орон сууцных нь  хоногт 200 литр, нөгөөх нь 10 литрийг хэрэглэж байна. Орон сууцны хүн дээр усны хэмнэлтийн тухай, гэр хорооллын хүн дээр ус хүргэх дэд бүтцийн тухай асуудал нь усны нөөцийн жигд хуваарилалт юм. Яг үүнтэй адилаар хотод, аймгийн төвд, сумын төвд, хөдөө орон нутагт гэсэн дарааллаар усны жигд хуваарилалтыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Говь нутгийн хувьд хот сууринд, уул уурхай бүхий газруудад боломжтой бол усны жигд хуваарилалтыг бий болгох хэрэгтэй.

Усны нөөцийн жигд хуваарилалтын гурав дахь ойлголт нь бүс нутгийн хэмжээнд яригдана. 1910 оноос өмнөх Монголын хошуудын газар нутгийн хил хязгаарыг харахад байгалийн ус хурах талбай, усны бүс бүслүүрийг маш нарийн дагасан байсан. Эртнээс хил хязгаарыг уулаар хийж, ууланд овоо босгодог нь ийм учиртай байсан. 

Бүсчилсэн хөгжил бол усны нөөцдөө тулгуурладаг ойлголт. Тиймээс бүгдээрээ одоо аль нэг аймаг сумаар, төслөөр эсвэл уурхайгаар боддог биш байгалийн бүс бүслүүр, газар зүйн хүчин зүйлдээ захирагдъя. 

-Эдгээр бүс тус бүр дээр усны нөөцөө яаж нэмэгдүүлэх вэ?

-Ингээд үзвэл баруун бүсэд гэхэд тулгарч буй аюул нь мөнх цас хайлах. Хайлж дуусах хүртлээ үер болно, хайлаад дуусахад голууд, нуурууд ширгэж, экологийн сүйрэл болно. Тиймээс бидний хийх ёстой зүйл бол аль болох өндөрт жишээ нь, Баруун Алтайн нуруунд боломжит газруудад жижиг, томгүй усан сан байгуулж хуримтлуулж авах.

Харин говийн бүсэд одоо цуглаж байгаа усыг их, бага гэлтгүй газар доороо хуримтлуулах нь чухал байна. Дээрээ хуримтлуулбал ууршчихна шүү дээ. Говьд жилдээ 1-2 удаа бороо ордог. Орох бүрдээ үер болдог. Үүнийг газар доор шингээгээд хэрэгцээтэй үедээ худгаар авч боллно. Өөр нэг жишээ авъя. Говьд борооны дусал бүр эрдэнэ. Үүнийг цуглуулж авах арга чаргыг бодох ёстой. Даланзадгадад хэдэн дээвэр байгаа вэ. 1000 гээд амарханаар тооцоолъё. Нэг борооны үеэр нэг дээврээс 100 литр ус цуглууллаа гэхэд 10 мянган литр ус буюу 10 тонн ус цуглуулах боломжтой. Гэхдээ дээврээс 100 байтугай литр ус гардаг. Нэгэнт усаа цуглуулчихсан бол модоо усална, шалаа угаана, машин тэргээ цэвэрлэнэ. Ингээд говьд усаа цуглуулж болж байхад яагаад Хөвсгөл, Хатгалд борооны усыг хуримтуулж болохгүй гэж. Тэгэхээр усны жигд хуваарилалт гэдэг үгийн цаана заавал нэг газраас ус авчрах биш өөрсдийнхөө хэрэглээг өөр нүдээр харах тухай юм. 

-Таны энэ санаа усны төслүүд дотор байхгүй байсан, тийм үү?

-Хуримтлал гэсэн ерөнхий үг дотроо бол байгаа. Тухайн нутгийн онцлогоос хамааран усны нөөцийн хуримтлал гэж ярьж байгаа ч хуримтлуулаад алдаад байвал нэмэргүй учраас ямар аргаар байх нь чухал. Дэлхий дээр 100 гаруй мянган цэг дээр томоохон усан сангуудыг барих боломжтой гэж ярьдаг. Дэлхийн усны өдрөөр бид Монгол оронд хөв цөөрөм байгуулах боломжтой 19,440 байршлыг дэлгэж тавьлаа. Үүнээс хамгийн боломжтой 30-40-өөд байршил байна гэж 1960-1970-аад оны үед тогтоосон. 

Хуримтлалын ач холбогдол бол нэгт, тухайн голыг хамгаална. Хэрэвзээ 2050 он гэхэд Монголын бүх мөнх цас хайлаад Ховд гол хатвал Их нууруудын хотгорт байгаа нууруудаас хамгийн сүүлд үлдэх нь Хяргас нуур. Отгонтэнгэр хайрханы мөнх цасыг цуглуулж байгаа Гэгээн нуур байгаа цагт Хяргас нуур байсаар байх болно. 

Мөн үерээс хамгаална. Үерийн усыг хуримтлуулж байгаа тул доод талд нь үер болохгүй гэсэн үг, бас ган ганчигаас хамгаална шүү дээ. Тэгэхээр хэрэв Туул, Орхон, Эг гол дээр усан сангууд баривал энэ маань шууд утгаараа Сэлэнгэ мөрнийг, алсын утгаараа дэлхийн цэнгэг усны нөөцийн 20%-ийг бүрдүүлдэг Байгаль нуурыг хамгаална. Хамгаалангаа ашиглах, ашиглалт нь өөрөө хамгаалалт болох арга нь усан сан юм.

 

 

Монгол Улс усны эх үүсвэрийг хамгаалах хариуцлагыг дэлхий нийтийн өмнө хүлээсэн

 

 

-Засгийн газрын бодлогод туссанаар говийн бүс нутаг аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрүүдийн төв болж байна. Говь руу гадаргын ус татахаар өндөр өртөгтэй болж байна. Усны нөөцийг нэмэгдүүлэх ямар ажлууд хийгдэж байгаа вэ? 

-Говьд ус татаж авчрах нь чухал байна уу эсвэл тэндээ хуримтлуулаад асуудлаа шийдэх нь зөв үү гэдгийг бид маш нарийн судалгаа хийж байж шийдэх ёстой. Усны хуримтлалыг бий болгосны дараа өөрөөр хэлбэл, савтай болоод шанагадаж аваад гэртээ авчирсан бол одоо говь байтугай газарт татаж болно. Говь руу ус татах нь эх үүсвэрээ бүрэн найдвартай болгосны дараа л хийх ажил. Ус гэдэг өөрөө математик биш. Наад зах нь уур амьсгалын өөрчлөлтөөс болоод ууршилтын хэмжээ ч өөрчлөгдөөд байна. Тиймээс ядаж 50, 100 жилийн дараахыг харж байж шийдэх хэрэгтэй. Нэг уурхайд зориулаад ус татлаа. 100 жилийн дараа юу болох уу. Уурхай дагасан хот хөгждөггүй гэдэг. Говь 2060 онд яах нь чухал болохоос өнөөдөр уул уурхайг хангахын тулд ус татах нь гол биш юм.

-Тэгэхээр усан сан барих ажилдаа Усны газар анхаарч байгаа гэж ойлгож болох уу?

-Бололгүй яах вэ. Усны өдрөөр 1 сум 1 нуур гэдэг нэгдсэн бодлогыг танилцууллаа. Үүний үр дүнд нь 330 нууртай болсон байна. Жишээ нь, Ховд гол дээр 3-4 нуур барихгүй бол болохгүй шүү дээ. Үүнд, уул уурхайн компаниуд ч оролцоно. Тухайлбал, “МоЭнКо” ХХК мөнгө гаргаад Ховдын Дарви суманд барина, “Энержи Ресурс” Цогтцэций сумандаа 3 нуур барина. Ингээд алсуураа Монгол Улс Монгол чигээрээ, Далай нуур Далай чигээрээ, Байгаль нуур Байгаль чигээрээ үлдэхийн тулд бидэнд усны нөөцийн хуримтлал хэрэгтэй байна гэдгийг дэлхий нийтэд ярина. 

-Энэ олон усан сангаас алийг нь түрүүлж барих юм бэ?

Би бүгдийг нь зэрэг баримаар байна. Гэхдээ эхлээд хүн нь чухал учраас 1.5 сая хүний асуудлыг шийдэх Туул голын усан сан ямар ч сонголтгүй эхэлж баригдана. Ингээд Туул дээр ус хуримтлуулбал түүгээр говийн усны асуудлыг шийдэж болно. Хоёрт, Орхоны хөндийд барих шинэ хотыг дагаад тэнд 2-3 усан сан баригдахаар ярьж байна. Дараагийнх нь Хэрлэн. Гэхдээ Хэрлэнг өмнөд хөрш Далай нуурт нөлөөлнө гээд дэмжихгүй байгаа. Сэлэнгэ дээр ч бас ийм асуудал үүсэж байна. Тиймээс бидний зорьж болох хамгийн боломжтой газар нь Туул байна. Одоо Байдрагийн гол дээр яриад байгаа шиг Туул гол дээр баръя гэдэг маань энэ. Давхар 1.5 сая хүний хэрэгцээг хангана. 

-Тэгэхээр Орхон, Хэрлэнгээс ус татах төслүүд аль аль нь явахгүй гэсэн үг үү?

-Би тэгэж хэлмээргүй байна. Аль алийг нь явуулна. Ингэхдээ Орхон, Эг дээр хойд хөрштэйгээ, Хэрлэн дээр өмнөд хөрштэйгээ хамтрах нь чухал. Яагаад гэвэл, тэдний ч гэсэн эрх ашиг бий. Усан сан барьж энэ хоёр голыг хамгаалахгүй бол хөрш орнууд маань өөрсдөө ч гэсэн хэцүү гэдгийг ойлгуулах нь чухал. Илүү дутуу бизнесийн эрх ашгаар биш харин Байгаль нуурт, Далай нуурт яг тийм хэмжээний ус өгнө гэдэг нөхцөлтэйгээр эдгээр төслийг хэрэгжүүлэх ёстой. Бид Туул гол тасалдаж байгаа тухай мэдээллийг хөрш орнууддаа өгдөггүй байсан нь бидний алдаа. Байнга усан дунд байгаа улсууд гол тасарна гэдэг ойлголт байхгүй шүү дээ.

 

Тэгэхээр Туул тасалдаж, Орхон болохоо байлаа гэдгийг дэлхий дахинд ярьж, мөнх цас хайллаа гэдгийг дэлхий даяар ярих ёстой. Эгийн гол заримдаа дээшлээд, заримдаа доошлоод байна. Аль аль нь Оросын талд аюултай. Монголчууд хэдийгээр Төв азийн цээжинд эрс тэс уур амьсгалтай боловч бүх ус манай нутаг дэвсгэрээс гардаг. Энэ бол Монгол Улс усны эх үүсвэрийг хамгаалах хариуцлагыг дэлхий нийтийн өмнө хүлээсэн гэсэн үг. Голууд байхгүй болвол дэлхий бүхэлдээ биш ч Евразийн нэлээн том хэсэг байхгүй болно гэсэн үг.

 

-Уул уурхай компаниуд говийн газрын доорх усыг хэрэглэж байгаа болохоор малчдын худгийн усны түвшин буураад байна гэдэг. Харин компаниуд нь тийм зүйл байхгүй, бид малчдын худгаас ч гүнд өрмөө зоодог гэж ярьдаг л даа. Энэ маргаанд та ямар хариулт өгөх вэ?

-Яг энэ асуудал дээр аль нэг талыг нь зөвтгөх хариулт өгөх тун хэцүү. Яагаад гэвэл газар бүрд хөрсний шинж чанар өөр. Ерөнхийдөө говьд өнгөн хөрсний усны дараа ус үл нэвтрэх шаварлаг давхарга байдаг. Уул уурхайн компаниуд буюу их хэмжээний өрөмдлөг хийдэг компаниуд тэр давхаргын доороос нь усаа авдаг учраас бид нар нөлөөлөөгүй гэж зоригтой хэлдэг. Гэхдээ энэ нь 3 км-н радиуст үнэн байж магадгүй. Үүнээс цаашаа эргэлзээтэй. Учир нь манай улс төв Азийн өндөрлөг цэгт оршдог. Хөрс нь яг таг ийм тийм гэж тодорхойлох аргагүй. Гэхдээ алтан дунджийг барьж хэлэхэд малчдын ашиглаж байгаа гар худгийн усны түвшин багасгаж байгаагийн гол хүчин зүйл нь хур тунадас. Хүний үйл ажиллагаанаас болоод, газрын өнгөн хөрс сэндийчигдэн ууршилтын хэмжээ ихэссэн. Үүнээс улбаалаад дам утгаараа уул уурхай цөлжилтөд нөлөөлж байгаа гэж хэлж болно. Малчдын тухайд хаанаас, ямар худгаар ундаалдаг байсан, хэдэн удаа нүүсэн бэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Энд зөвхөн говийнхныг хэлээгүй шүү. Хангайн бүсийн малчдын худгийн эргэн тойронд цөлжилт явагдаж байгаа. Худгийн нөхөн сэлбэлтийг хүлээхгүй хэрэглэж байна. Уул уурхайнхны газрын гүний ус одоохондоо иймэрхүү нөлөөлөлд автаагүй байна. Гэхдээ дам утгаараа энэ нөлөөллийг бий болгож байгаа олон хүчин зүйлийн нэг нь уул уурхай. Хэрвээ манай улсад уул уурхай огт байхгүй, зөвхөн малаа малладаг байсан ч уур амьсгалын өөрчлөлт тодорхой хэмжээгээр болж байгаа. Яагаад гэвэл энэ өөрчлөлт зөвхөн Монголд биш дэлхий нийтэд явагдаж байна. Энд хэн нэгнийг буруутгах бус яаж харилцаж бие биенээ дэмжиж амьдрах вэ гэдэгт анхаармаар байна.

-Яг асуух гэж байсан зүйлийг та хөндлөө. Малчид уул уурхай их хэмжээний ус хэрэглэдэг гэдэг. Гэтэл компаниуд бид усны төлбөрийн 90 хувийг бүрдүүлдэг. Хөдөө аж ахуйн салбарын усны хэрэглээ хамгийн өндөр гээд талцдаг. Таны хэлснээр бүх салбар ус хэрэглэх өөр өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс усаа яаж хэмнэж, дахин ашиглах вэ гэдэгт анхаарах нь илүү оновчтой юм бишүү?

-Ус бол хэн нэгний өмч биш, бүх нийтийнх. Хариулт нь энэ. Хэн нэгэн хүн усыг өмчилж болохгүйтэй адил аль нэг салбар дангаараа шууд шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Уул уурхайн компаниуд нийт усны төлбөрийн 90%-ийг бүрдүүлдэг нь үнэн. Бидэнд байгаа тоогоор нийт усны хэрэглэгээний 30%-ийг мал аж ахуй, 25%-ийг нь газар тариалан, 14%-ийг нь хүн амын унд ахуй, үлдсэн 30 гаруй хувийг нь уул уурхай, эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээ эзэлж байна. Үүнээс харахад хэн нэгнийг буруутгаж болох уу. Харин хэн, хаана, хэдий хэмжээний усыг хэрхэн ашиглаж байна вэ гэдгийг л ярих ёстой. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниуд улсын төсвийг бүрдүүлж байгаа бол ямар ус ашиглаж, хэрхэн зөв зүйтэй ашиглаж байгаагаа тайлагнах ёстой. Магтаж байгаа юм шиг сонсогдож магадгүй. “Оюутолгой”, “Энержи ресурс” гэдэг хоёр компани ус дахин ашиглалт нь 90%-д дөхсөн байдаг. Энэ нь сайндаа ч биш юм. Ус байхгүй учраас тэр. Гэтэл хангайд байгаа алтны уурхай 3 кг алт гаргаж авахын тулд усыг хэдэн тонноор нь ашигладаг. Юун дахин ашиглах. Тэгэхээр аль нэг компанийн тухай ярих биш хэрвээ Оюутолгой усыг 86% дахин ашиглаж болж байгаа бол бусад бүх компани ч усыг ийм хэмжээнд дахин ашиглахын төлөө явах хэрэгтэй.

 

-Усны тухай бид ерөнхий биш илүү нарийн тодорхой ойлголттой болох нь чухал болж байх шиг. Талцах тусам түүн дээр нэг хэсэг хүмүүсийн ашиг хонжоо олох сэдлийг өдөөдөг. Усны салбарын мэдээллийг илүү нарийвчилж харах өгөгдлүүд нь яагаад ил байж болдоггүй юм бол?

-Хувь хүнийхээ хувьд ч, усны салбарыг төлөөлж буй хүний хувьд хэлэхэд хэн нэгнийг буруутгамааргүй байна. Тоон үзүүлэлтийг нь авч үзвэл шал өөр дүгнэлт гардаг. Нэг кг алт, нэг зүсэм талх үйлдвэрлэхэд гардаг усны хэмжээг харьцуулах аргумент дэвшүүлж болно. Гэхдээ асуудлыг томоор нь хараад Монгол Улсын хэмжээнд усны хэрэглээ ямар байна вэ гэдгээ л бодох ёстой. Уул уурхай аж үйлдвэртэйгээ нийлээд усны боломжит нөөцийн 20-30%-ийг хэрэглэдэг ч ДНБ-ий гуравны хоёрыг бүрдүүлдэг. Хэрэв уул уурхайг хоригловол бид бүсээ чангалахаас өөр аргагүйд хүрнэ. Нөгөө талаар, хэрэв бид хөдөө аж ахуйг дэмжихгүй бол махгүй, газар тариалангаа дэмжихгүй бол талхгүй болно. Тиймээс хэрэгцээндээ тохируулан эрэмбэлэх ёстой. Хамгийн түрүүнд хүн амын усан хангамж чухал. Дараа нь хоол хүнс чухал учраас мал аж ахуй, газар тариалан байх ёстой. Араас нь аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүч орно. Тухайлбал, Испани улсад Усны газар нь усны хангамжийг зогсоох эрхтэй байдаг. Ган болсон үед хамгийн түрүүнд уул уурхайн компаниудынхаа усны хэрэглээг зосоодог. Байдал хүндэрвэл аж үйлдвэрүүдээ зогсооно. Энэ жил үер болох магадлалтай тул танайх газрын доорх биш гадаргын ус ахиу ашиглах боломжтой гэдэг дүгнэлтийг гаргаж өгдөг. Эсрэгээрээ, ган болох магадлалтай тул танайд ус ашиглах зөвшөөрөл олгохгүй. Усныхаа хэрэглээг 30%-аар бууруул, бууруулсан хэмжээний усаа малчдад өг гэх мэтээр гарах ёстой. Харамсалтай нь, манайхаас гардаг дүгнэлт ийм усны нөөцийн менежментийн хэмжээнд хүрээгүй байна. Зөвхөн энэ компанийн хүчин чадал нь тэд, ийм хэмжээний ус ашиглах боломжтой, энэ жил тэдийг ашиглана гэдэг. Гэтэл байдал өөрчлөгдвөл яах вэ. Зун ганц ч бороо орохгүй байвал яах вэ. Ган болж байгаа учир мал аж ахуй, газар тариалангаа дэмжихийн тулд танай усны хэрэглээг танаж байна эсвэл үер болж байгаа учир танайх үерийн хамгаалалт хий, хуримтлуул гэдэг ч юмуу ийм байдлаар зохицуулалт хиймээр байна. 

-Усны дахин ашиглалтын мэдээг харахад уул уурхайн компаниудад л 80-90%-ийн дахин ашиглалт байна. Бусад салбарт усны дахин ашиглалтын тооцоолол байдаг уу?

-Улаанбаатар хотын ус дахин ашиглалт 0 хувь. 2025 оноос л ДЦС-уудад хоногт өгдөг 50-1000 шоо метр усыг дахин ашигласан усаар солих төсөл хэрэгжиж байна. Машин угаалгын газруудын 20-30% нь цагаан сар дөхөнгүүт грашаа ашиглаад машин угааж байна. Тиймээс  энэ оноос машин угаалгын газруудын ус дахин ашиглалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, “Талх чихэр”, МCS, АПУ зэрэг томоохон хүнсний үйлдвэрүүдийн хаашаа хийхээ мэдэхгүй байгаа хаягдал усыг машин угаалгын газрууд ашиглаж болно. Зөвхөн Кока колагийн үйлдвэрээс гардаг ус машин угаалгын газруудын усны нийт хэмжээнээс 3 дахин их байна шүү дээ.

Арьс шир боловсруулах үйлдвэрүүд ч цэвэр ус ашиглах шаардлага байхгүй. Тэр үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдийн уух усыг яагаад зунгаг арилгахад ашиглаад байгаа юм. Яагаад таны хүүхдийн уух усыг жорлонд хийх ёстой гэж. Усыг хуримтлуулахын тулд иргэд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна гэж дээр дурдсан.

-Машин угаалгын газруудад саарал ус ашиглах шийдвэр Д.Оюунхорол сайдын үед гарч байсан ч хэрэгжиж чадаагүй. Одоо тэр алдаа дахин давтагдахгүй гэх баталгаа байна уу?

-Миний бодлоор машин угаалгын газрууд дээр албажсан шийдвэр гаргах гээд байсан. Ус сувгийн удирдах газар бол орон нутгийн өмчит компани. Үүрэг нь хүн амыг усаар хангах. Тиймээс тухайн байгууллага үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд машин угаалгын газруудыг цэвэр усаар хангах боломжгүй гэдэг л асуудал яригдана. Надад байгаа мэдээллээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа машин угаалгын газруудын 40 шахам хувь нь зөөврийн устай буюу худгаас авдаг. Манай байгууллагын зүгээс хүнсний томоохон үйлдвэрүүдэд эхний ээлжинд шөнийн цагаар дээрх газруудад хаягдал усаа үнэгүй өгөөч гэж зөвлөж буй. Яагаад гэвэл хэрвээ АПУ хаягдал усаа шугам руу нийлүүлбэл ус бохирдуулсны төлбөр төлнө. Харин угаалгын газарт өгчихвөл төлбөр төлөхгүй. Эцэстээ win-win буюу бүгдэд ашигтай тусна.

Дараа нь энэ усыг арьс ширний үйлдвэрүүд ашиглаад эхэлбэл 10 өдөр, цаашлаад 100, магадгүй нэг жил уух устай болно. Усны бас нэг гайхамшиг нь хэдий чинээ жижгээс эхэлнэ, төдий чинээ том хэмнэлтийг бий болгодог. Улаанбаатар хот энэ мэтээр машин угаалгын газруудаа цэгцэлчихвэл Даланзадгад, Эрдэнэт, Дархан хотууд ар араасаа цэгцрээд явчихна. Яваандаа шүдээ угаахдаа аягандаа ус хийдэг дадал шиг машин угаахдаа зөвхөн хаягдал ус ашиглана гэдэг ойлголт нь суучихна.

Нэг сайхан мэдээ гэвэл Хот суурин усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах хороо, Ус, сувгийн удирдах газрынхантай хамтраад зөвхөн би ийм үүрэгтэй гээд хэдэн тийшээ харж суудаг буруу хандлагыг усны салбараасаа эхлээд нэг чигт хандуулахаар энэ жилийн Дэлхийн усны өдрөөр санамж бичиг зурлаа. Бүгд нэг чигт харах нь манай усны салбар хамгийн чухал байна.

-Сингапурын усны хувьсгал гэдэг шиг үү?

-Яг үнэн. Усны газар, УСУГ, зохицуулах хорооныхон нэг чиг рүү харж, баримталдаг зарчим нь ижил, тавьдаг шаардлага нь хоорондоо уялдаа холбоотой байх ёстой.  Үүнийг хийж чадвал 21 аймгийн ус хангамжийн байгууллага, дараа нь ХАА, эрүүл мэнд, уул уурхайн чиглэлийн усны байгууллагуудыг хамруулаад явна. Та сая миний хэлээд байдаггүй жишээ болох Сингапурын усны хувьсгалыг ярилаа. Үнэхээр бид усны хувьсгал хиймээр байна. Монголчууд одоогоор усны хандлагын хувьсгал хараахан хийгээгүй ч усаа хайрлах сэтгэлгээний хувьсал дунд явж байгаа.

-Сингапур улс усны хувьсгал хийхдээ бодлогын, хандлагын, технологийн хувьсгал гэж хийж байсан тухай уншиж байсан юм байна. Манай улсын эдийн засгийн салбаруудад технологийн хувьсгал хийх цаг хугацааг хэдийд байна гэж харж байна вэ?

-Миний хувьд усны салбартай амьдралаа холбоод 18 жил болж байна. Хамгийн анхны энэ хандлагыг хүлээж авсан салбар бол хамгийн муу нэртэй уул уурхай. Хэдийгээр ус байхгүй ч гэсэн дахин ашиглалтын хувийг 86-90% болгомоор байна гэж ярьж байгаа нь тэнд хандлагын хувьсгал аль хэдийнэ болчихсон байна гэсэн үг. Хувьсгал явагдаагүй байгаа жижиг уурхайнуудыг хүчээр явуулахаас өөр аргагүй. Бусад салбарт гэвэл жаахан хүч хэрэглэж байгаа мэт боловч үйлчилгээний салбарт машин угаалга дээр эхлүүллээ. Эхний гурван сард хандлагын өөрчлөлт явагдана. Дараа нь технологийн хувьсгал аяндаа хийгдчихнэ. Жишээ нь, өдөр болгон очиж, ус авах дэмий байна. Түүний оронд хаягдал усаа дахин ашиглах гурван шүүлтүүр аваад тавьчихъя. Тэгвэл долоо хоногтоо ганцхан удаа ус авах юм байна гээд л хувьсгалууд ар араасаа хийгдсээр байна. Ер нь Сингапурын усны хувьсгал бол нэг нь нөгөөгөөсөө урган гарсан байдаг. Яг түүн шиг машин угаалгын газарт хаягдал ус ашиглах нь гинжин урвал юм. Аажимдаа Батбаяраа яагаад орон сууцны айлуудын жорлонгийн усыг дахин ашигласан усаар хийхгүй байгаа юм бэ гэж шаарддаг болно гэдэгт итгэлтэй байна. 

 

 

Улсын хэмжээнд газрын доорх усны мониторингийн 320 цооног байдаг ч ихэнх нь ажиллахгүй болсон

 

 

-Уул уурхайн худгийн усны түвшинг хэн хянадаг юм бэ. Тухайн байгууллагын байгаль орчны мэргэжилтний үгээр л яваад байдаг юм уу гэдгийг орон нутгийн иргэд их сонирхдог?

-Манайд газрын доорх усны мониторингийн сүлжээ байдаг. Нийт 320 цооног бий. Энэ цооногуудаар бид хяналтаа тавьдаг. Энэ нь сайн мэдээ. Муу мэдээ гэвэл, харамсалтай нь, 2016 оноос хойш санхүүжилтгүйн улмаас зарим сүлжээ маань ажиллагаагүй болж эхэлсэн. 

-Яг ямар газруудынх нь цооног ажиллагаагүй болсон бэ?

-Улаанбаатарт нийт 80 орчим цооног байдаг. Гэвч эдгээрийн зарим нь ажиллахгүй байна. Тэр байтугай цооногийг нь нураагаад байшин барьчихсан ч тохиолдол гарсан. Үлдсэн 240 орчим цооног нь хөдөө орон нутагт байна. 1.5 сая метр2 талбай газар нутагтай улсад энэ үнэхээр чамлахаар тоо. Бид томоохон уул уурхайн компаниуд дээр 2-3 цооног ажиллуулж, алдаг оног мэдээллийг авч байгаа. Гэхдээ өнгөрсөн 9 дүгээр сараас өөрчлөлт хийж эхэлсэн. Онлайн системтэй холбож, компаниуд худгийн усны мэдээллээ хуваалцаж байгаа. Усаа хянах ганцхан арга нь цооног. Гэхдээ Мянганы сорилын сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын мониторингийн 84 цооногийг шинэчилэхээр болсон. Оюутолгой компани гүний 83 хяналтын цооногийн мэдээллээ хуваалцана, Өмнөговь аймаг дангаараа 36 хяналтын цооног нэмж хийнэ гээд мэдээнүүд энэ жилийн Усны өдрөөр гарлаа. 

-Дэлхийн Усны өдрөөр Усны мэдээллийн нэгдсэн систем танилцуулсан. Эндээс ямар мэдээллүүдийг авч болох вэ?

-Компанийн регистрийн дугаараар татвар төлөлтөөс эхлээд бүх мэдээллийг харж болдогтой адил усны дүгнэлтийг ч харах боломжтой. Эхний удаад алдаа мадаг гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ оны зургаадугаар сар гэхэд жигдэрчих байх. Онлайн болж байгаа нь давуу тал ихтэй. Тухайлбал, гаргасан тооцоололдоо анализ хийж, нийт улсын хэмжээнд ус ийм болчихлоо. Гэтэл газар тариалан дээр их хэмжээний ус хэрэглэж байхад эдийн засагт нөлөөлж байгаа нөлөөлөл нь хэр байна вэ, яаж нэмэгдүүлэх вэ, усыг нь хэрхэн үр ашигтай ашиглуулах вэ, малаа яах вэ гэдэг дээр анализ хийх боломжтой. Үнэхээр Монгол Улс 150 сая малтай болоод бэлчээрээ талхлуулах юм уу. Худаг гаргая, бэлчээрийн усжуулалтыг нэмье. Манайх өнөөдөр хот суурин болон уул уурхай дээр л худаг ухаад байгаа болохоос биш ашиглалтгүй байгаа бэлчээр зөндөө шүү дээ. 

Түүнийгээ ашиглая гэх мэт бодлогуудаа ярьж, тоонууд дээрээ ажилладаг болно. Тухайлбал, манай улсын уул уурхайд ийм хэмжээний ус ашиглаж байна. Үүнийг 15%-д барих ямар арга байна гэхэд тооцоолол хийгээд бүх уурхайнуудыг 80-90%  дахин ашиглах үүрэг өгнө. Энэ үүргээ программдаа оруулангуут дүгнэлтүүд маань энэ чиглэлээр гараад хэтрүүлсэн тохиолдолд улаанаар асдаг байх ч юм уу.

-Цаашдаа усны хэрэглээг нэмэгдүүлэх суурь ямар шалтгаанууд байгаа вэ?

-Бид юуны төлөө амьдардаг вэ. Сайхан амьдралын төлөө. Тэгвэл сайхан амьдрал гэдгийг ихэнх хүмүүс мөнгө төгрөг гэж хардаг. Үгүй, миний бодлоор орон гэртээ тухтай байхыг сайхан амьдрах гэнэ. Сайхан амьдралыг хэмжих нэг хэмжүүр нь усан хангамж. Тиймээс усан хангамжийг нэмэгдүүлэх ёстой. Гэр хорооллын айлууд яагаад байранд орох гэж зүтгэдэг вэ. Жорлондоо тухтай орох гэж. Өмнө нь гурван буудал явж халуун усанд ордог байсан бол хажуу өрөөндөө ороод усанд орвол сайхан биздээ. Тиймээс ард иргэдийнхээ усны хүртээмжийг аль болох нэмэгдүүлэх, чанартай боломжийн үнэтэй усаар хангах нь бидний зорилго. Уул уурхай, эрчим хүч, зочид буудал, арьс ширний үйлдвэрүүд ус их ашиглах биш харин ард иргэдээ л хангалттай устай байлгахын төлөө ажиллах хэрэгтэй. Сонин тооцоолол хэлье. Улаанбаатар хот хоногт 300 мянган шоо метр ус хэрэглэдэг. Гэтэл хүн хоногт 2 литр ус уудаг гэвэл нийслэлийн 1.5 сая иргэний хоногт уух ус 3 мянган шоо метр. Өөрөөр хэлбэл, нийт усныхаа 1%-ийг ууж, үлдсэнийг нь “асгадаг”.

-Таны ярианаас ард иргэдийн уух ус үнэгүй, ашиг олох зорилгоор ашиглаж байгаа ус үнэтэй байх ёстой гэж ойлголоо?

-Ашиг олох зорилгоор ашиглаж байгаа ус аль болох өндөр үнэтэй байна. Ингэхдээ усаа дахин ашигласан тохиолдолд хямдрах боломжтой.

-Тэгэхээр энэ байдлыг яаж өөрчлөх үү?

-Бид ус ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх бодолтой байгаа. 2022 оны 11 дүгээр сард уул уурхайн ус ашигласны төлбөр 60%-аар нэмэгдсэн. Монгол Улсад Экологи, эдийн засгийн үнэлгээ гэж гардаг. Энэ үнэлгээний тодорхой хувиар усны үнийг тооцоолдог. Туул голын ай савд 1 литр усны төлбөр 9.4 төгрөг буюу хамгийн өндөр байдаг. Гэтэл бид хоёр төгрөгөөр худалдаж авдаг. Тиймээс үнээ нэмбэл яасан юм бэ. Даланзадгад суманд 1 литр ус 3.4 төгрөг байна. Зохицуулах хороо усны үнийг тогтоохдоо энэ үнэлгээг харгалзаж үзээч. Тэгвэл Улаанбаатарт амьдраад өндөр үнэтэй ус ашиглах уу эсвэл усны төлбөр багатай газар амьдрах уу гэдгээ хүн бас бодно. Усны менежментийн гол хэрэгсэл бол усны төлбөр. Төлбөрөө үнэн бодит тогтоосноор бидний хийж чадахгүй байгаа хөдөөгийн хөгжил, хотын төвлөрлийг сааруулах ажилд чухал ач холбогдолтой юм.

Цаашид бид Экологи, эдийн засгийн үнэлгээ болон ус ашигласны төлбөрт өөрчлөлт оруулна. Ашиглалтын төлбөр ер нь өндөр байна. Өндөр байж гэмээнэ усыг дахин ашиглах сэдэл нэмэгдэнэ.

-Ус ашигласны төлбөрийн орлого 2023 онд 85 тэрбум давжээ. Энэ төлбөр орон нутаг руу ордог. Хуулиараа энэ орлогын гуравны нэгийг усны эх үүсвэрийг сэргээхэд зарцуулах ёстой. Үүнд Усны газраас хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Нийт орлогын 35% нь эргээд усныхааа эх үүсвэрийг хамгаалахад зарцуулагдах ёстой. Энэ асуудал дээр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ бүх аймагт Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуульд заасны дагуу байгалийн нөөц ашигласны орлогоос олсон ашгийг зөв зарцуулж буй эсэхэд шалгалт хийсэн. Миний ойлгосноор найман аймагт 35%-даа хүрээгүй. Тэр байтугай хууль биелүүлээгүй тул арга хэмжээ авах тухай асуудал яригдсан. Манайхаас 35%-ийг усандаа ашигла, Сав газрын захиргаанд өг, булаг шандаа хамгаал, хөв цөөрмөө байгуул гэдэг шаардлага тавьж байгаа. Дээр нь 35%-ийг нэмэгдүүлж, 50 болгох саналыг УИХ-д хүргүүлсэн. Ингэснээр орон нутаг өөрөө усны эх үүсвэрээ хамгаалах, нэмэгдүүлэх боломж нь гарна. Бид арга замыг нь зааж өгнө.

-Уул уурхай бүхий орон нутагт илүү боломж олдох нь тиймүү?

-Бид ус ашиглуулсныхаа төлбөрийг бүрэн авч чаддаггүй. Энэ төлбөрийг уул уурхайн компаниуд л төлөөд яваад байдаг. Уул уурхайн компаниуд газрын доорх ус шавхсаныхаа төлөө мөнгө төлдөг бол энэ жилээс барилга барьж байгаа хүмүүс газрын усыг шавхан зайлуулсныхаа төлөө төлбөр төлөх ёстой болсон. Мөн том худалдааны төв дээр жорлон ажиллуулж байгаа хүмүүс усны өндөр төлбөр төлөх ёстой. Миний бодлоор төрийн сургууль, эмнэлэг, цэцэрлэг болон айл өрх дээр л төлбөргүй байна. Бусад нь бүгд төлбөр төлнө.

-Гүний усыг аж үйлдвэрт хэрэглэхгүй гэдэг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд орсон заалт хэрэгжиж байгаа юу?

-Хэрэгжихгүй байгаа.

-Яагаад?

-Газрын доорх усыг аж үйлдвэрт хэрэглэхгүй гэвэл Монгол Улс тэр чигтээ зогсоно. 2028 оны 1 сарын 1-нээс уул уурхайн компаниудад газрын доорх усыг ашиглуулахгүй. Зорилго нь уурхайг хаахдаа биш харин гадаргын усны хуримтлалыг бий болгоход бүх нийтээрээ анхаарах нь чухал байна.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.