Logo

"Ногоон уушги"-ны төлөө паркаа аварсан түүх

"Улаанбаатарын орон зай" буландаа хүүхдийн паркийн газар олголтын түүхийг онцолж байна. Энэхүү нийтлэл нь гар утаснаас бусад төрлийн дэлгэцээр илүү тухтай уншигдана.
Datastory · 2024-05-15 · Уншсан: 633

Хүүхдийн паркийн баруун хэсгийг иргэдэд зориулан ая тухтай ногоон орчин болгож тохижуулсан цэцэрлэгт хүрээлэн удахгүй нээлтээ хийнэ. Энэ орон зайд нийслэлчүүд гэр бүлээрээ, найз нөхөдтэйгээ, ойр дотнын хүмүүстэйгээ ирж гутлаа тайлаад зөөлөн ширэг дээр тухлан сууж, ногоон орчинд амсхийх боломж бүрдэж буй.

Паркийн газар олголтын дата, түүхийг нь сөхөөд харвал энэ боломж амар ирээгүй. Идэвхтэй иргэний олон нийтийг манлайлсан эр зориг, үе шаттай уйгагүй тэмцлийн үр дүнд нийслэлчүүдийн уушги тавирах ногоон орон зай бий болж буйг нийслэлчүүд мартаж болохгүй. Энэ бүхнийг эхлүүлээгүй байсан бол хүүхдийн паркийн газар цементэн барилгаар дүүрч мэдэх байлаа. 

 

ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН

 

2021 оны 3 сар. Ковидын хөл хорио тогтоосон үе. Иргэн Б.Мөнхдөл паркийн энэхүү хэсэгт барилга барих гэж байгааг сошиал орчинд түгээснээр олон нийтийн дунд #ПаркааАваръя хөдөлгөөнийг эхлүүлэв. Б.Мөнхдөл Facebook дэх өөрийн Бадралын МӨНХДӨЛ хэмээх пэйж хуудастаа “нийслэлчүүдэд ногоон байгууламж хэрэгтэй байна, хүүхэдтэйгээ, гэр бүлээрээ салхилах орон зай хэрэгтэй байна” гээд олон нийтийг паркаа ирж ямар байдалтай болсныг хараарай, паркт юу болоод байгааг мэдэхийг уриалж байв. Мөн парктай холбоотой бага насны дурсамжаа #БагадааПаркт гэдэг хаштагаар хуваалцах санаачилга гаргаж, паркийн газрыг хуваасан албан тушаалтнууд, үе үеийн хотын дарга нарын захирамжийг ил болгон олон нийтийн анхааралд оруулснаар цааш үйл явдал өрнөж, бусад идэвхтэн залуус нэгдсэн билээ.

 

#ПаркааАваръя хөдөлгөөнийг эхлүүлсэн фото түүх

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-д нийслэлийг төлөөлөх эрх бүхий этгээд П.Наранбаяр:

“Хүүхдийн паркаа аврах санаачилга Ковид-19 цар тахлын хөл хорионы үеэр гарч ирсэн. Газрын эзэмшигчид маш том төлөвлөлт хийж, дөрвөн улирлын цогцолбор, оффис зэрэг том барилга төлөвлөсөн байсныг иргэд эсэргүүцсэн. Ялангуяа, ХҮН намын залуучууд, тэр дундаа СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхдөлийн оролцоо их байсан. Улмаар энэ асуудал нийслэлийн ИТХ-ын хэлэлцэх асуудалд орж ирж, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээгээ нийслэлийн удирдлага эргэж харахаар болсон. Үүний үр дүнд 10.2 га газрыг нийслэл өөр дээрээ эргүүлэн авч, ногоон байгууламж болгон тохижуулахаар болсон” гэв.

 

Иргэд паркийн газрыг ногоон байгууламж чигээр нь үлдээх, газрыг нь хуваасан шийдвэрүүдийг ил тод болгохыг шаардсанаас хойш жил орчмын хугацаанд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнтэй "Үндэсний соёл амралтын хүрээлэн" ХХК-ийн талаар судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг паркийн газрыг хуваасан шийдвэрүүдийг ил тод болгож, цаашид энэхүү газрыг хэрхэн ашиглах талаар нийслэлийн Засаг даргад үүрэг өгсөн түүхтэй.

 

Өнгөрсөн 27 жилд нийслэлийн Засаг дарга нар нийт 30 гаруй удаагийн шийдвэрээр хүүхдийн паркийн газраас бусдад олгож, зориулалтыг нь өөрчилж иржээ. Харин мөс хагалагчдын ачаар өдгөө парк маань “нийслэлийн уушги” гэх алдраа хадгалж үлдээд байгаа юм. 

 

DataStory.mn хүүхдийн паркийн газар олголтын түүхийг Ажлын хэсгийн санал дүгнэлт болон нээлттэй мэдээллийг ашиглан олон нийтэд бэлтгэн хүргэж байна.

 

 

Анх байгуулагдахдаа 37 га талбайтай байсан паркийн газрыг өдгөө 10 хуулийн этгээд, хувь хүн эзэмшиж байна. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл хүмүүжлийг нь дэмжих зориулалттай байсан энэ газрыг өнөөдөр оффис түрээс, худалдаа үйлчилгээ, зочид буудал, орон сууц, сургалтын гээд маш олон зориулалтаар ашиглаж, эзэмших болсон энэ үйл явц 1997 оноос буюу их хувьчлалын үеэс эхлэлтэй аж. Газрын гэрчилгээний хугацааг сунгах бүрдээ зориулалтыг нь өөрчилж, талбайн хэмжээг нь томруулах замаар паркийн газраас хороодог байжээ.

 

Улаанбаатар хотын захирагч Ж.Наранцацралт агсан 1997 онд паркийн эзэмшлийн газраас 1.04 га-г Монголын хүүхдийн ордонд дөрвөн жилийн хугацаатай сургалт, боловсролын үйл ажиллагааны зориулалтаар ашиглах эрх олгосон байна. Харин 2008 онд хотын дарга Т.Билэгт 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгож байсан бол 2022 онд Д.Сумъяабазарын үед улсын байгууллагын хэрэгцээнд эзэмших эрхтэй болгон өөрчилжээ. 1997 оноос өмнө хүүхдийн ордон нь хүүхэд залуучуудын соёл хүмүүжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх цогцолборын нэг хэсэг тул газар нь ҮСАХ-ийн эзэмшилд байдаг байжээ.

Паркийн ойр орчимд өдгөө хамгийн том газрыг буюу 3 га талбайг “Шангрила Улаанбаатар хотел” ХХК эзэмшиж байна. Анх 1998 онд Ж.Наранцацралт 0.49 га талбайг оффис болон зочид буудлын үйлчилгээний зориулалтаар “Монтоно” ХХК-д олгож байсан түүхтэй. “Монтоно” ХХК-д паркийн ойр орчимд газар олгосон шалтгааныг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай холбоотой гэж үздэг. Түүнээс хойш тус газрыг ашиглах эрх “М Си Эс Хотел”-д гэрээний үндсэн дээр шилжсэн бөгөөд 2004-2008 онд ажиллаж байсан хотын дарга Ц.Батбаярын үед талбайн хэмжээ нь 6 дахин томорч 3 га болсон байна. Ц.Батбаяр нийт 4 удаа шийдвэр гаргажээ. Тухайлбал, 2007 онд зочид буудал, үйлчилгээ, оффисын зориулалтаар эзэмших эрхтэй байсан 0.5 га газрыг мөн ондоо хэмжээг нь томруулан 3 га болгож, 5 жил, 60 жилээр ашиглах эрхтэй болгосон байна. Харин Э.Бат-Үүл хотын даргаар ажиллах хугацаандаа орон сууц барихыг зөвшөөрсөн шийдвэрийг 2015 оны 12 дугаар сард А/985 тоот захирамжаар гаргаж байжээ.

 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Сөүл” рестораны газрыг анх 2001 онд М.Энхболд хүүхэд залуучуудын спорт цогцолборын барилгын зориулалтаар 2 жилийн хугацаатай ашиглах эрхтэй өгч байсан бол дахин сунгахдаа зориулалтыг нь үйлчилгээний болгон өөрчилжээ. Түүнээс хойш Т.Билэгт, Г.Мөнхбаяр нарын хотын дарга нар энэхүү зориулалтыг нь улам баталгаажуулан ашиглах эрхийг нь эзэмших болгон шийдвэрлэж байсан байна.

 

УИХ-ын гишүүн асан Д.Наранхүүд хүүхдийн паркийн газраас 1.1 га газрыг тасалж өгсөн эрх мэдэлтэн бол тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр. 2011 оны гуравдугаар сард 198 тоот захирамж гаргаж 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож байв. Энд Дүнжингарав худалдааны төвийн оффис байрладаг. Харин 2017 онд Су.Батболд ашиглах эрхийг нь А/488 тоот захирамжаар 15 жилээр эзэмших эрхтэй болгож “зэрэг” ахиулжээ.

 

Монголын хүүхдийн ордон, Мон-Уран ХХК-ийн эзэмшлийн газрын завсарт байршилтай, гурван давхар энэ обьектийг анх М.Энхболд үйлчилгээний зориулалтаар Хайр тохой ХХК-д 3 жилийн хугацаатай 2002 онд олгож байсан түүх байна. Үүний дараа Ц.Батбаяр ашиглах эрхийг нь эзэмших болгож, 15 жилээр сунгажээ. Тухайн үед 0.027 га талбай байсан газрыг Г.Мөнхбаяр сургалт, боловсролын гэх нэрийдлээр 6 дахин томсгож 0.16 га болгох шийдвэр гаргаж байжээ. 2024 оноос үйлчилгээний зориулалтаар 15 жилээр эзэмшиж байна.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв барихаар 2010 онд хүүхдийн паркийн газраас Г.Мөнхбаяр “Төгс эрдэм сан” ТББ-д эзэмшүүлэхээр тасалж өгч байжээ. Дараа нь Э.Бат-Үүл засаг даргын үед газрын зориулалтыг нь үйлчилгээ болгон өөрчилснөөр хотын төвд орчны харагдац сайтай оффисын төв болж хувирсан түүхтэй. Ид шид гэж үүнийг л хэлнэ байх.

Хүүхдийн паркийн үйл ажиллагааг явуулж буй Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн 74 хувийг Ито-Инвест ХХК, 26 хувийг нийслэл эзэмшдэг. Анх 2005 оны 9 дүгээр сарын 21-нд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 188 дугаар тогтоолоор энэхүү хамтарсан компанийг байгуулахад 35 га газрыг эзэмшиж байжээ. Түүнээс хойш 2022 оныг хүртэл Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн ашиглаж, эзэмшиж буй газрын хэмжээ багассаар ирсэн байна. 2022 онд 10.2 га талбайг нийслэлийн эзэмшилд буцаах хүртэл бусад этгээдийн эзэмшилд очсон газрын хэмжээ 4.4 га болсон байна. Тэр бүрд тус байгууллагын газар эзэмшлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулдаг байсан нь Ажлын хэсгийн дүгнэлтээс харагдаж байна.

 

Иргэн Б.Мөнхдөлийн санаачилсан #ПаркааАваръя хөдөлгөөн 2021 оны 4 дүгээр сард нийслэлийн ИТХ-д паркийг нээлттэй, ногоон цэцэрлэгт хүрээлэн болгох, газрын шийдвэрүүдийн мэдээллийг ил тод болгохыг шаардсанаас сар орчмын дараа Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнтэй “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-г судлах Ажлын хэсэг байгуулсан. Үүний зэрэгцээ паркаа аваръя хөдөлгөөнийхөн идэвхтэй ажилласны үр дүнд 2021 оны 6 дугаар сарын 1-нд Монгол Улсын Засгийн газраас паркийн эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох арга хэмжээ авахыг хотын даргад даалгасан юм.

Тийнхүү “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-аас тус газарт барихаар төлөвлөж байсан орон сууц, үйлчилгээний цогцолбор барихаар төлөвлөж байсныг иргэд эсэргүүцэн тэмцэж зогсоосон юм. “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-г судлах Ажлын хэсэг дүгнэлтээ 2022 оны гуравдугаар сард нийслэлийн ИТХ-д танилцуулж, цаашид нийслэлийн Засаг дарга нарыг паркийн 31.4 га газарт шинээр газар эзэмшүүлэхийг хориглох шийдвэр гаргасан байна. Энэ бол паркийн ойр орчимд олгосон бусад газруудын түүхээс авсан сургамж юм.

Паркийн газрыг залуусын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт, зугаалга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглаж, талбайн хэмжээ болон зориулалтад өөрчлөлт оруулахгүй, бусдад шилжүүлэхийг хориглосон. Тиймээс ч 2022 оны 9 дүгээр сард “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшилд байгаа газраас 10.2 га газрыг нийслэлийн ЗДТГ-ын эзэмшилд буцаан авч, өдгөө “Рио Тинто Монгол” компанийн дэмжлэгтэйгээр иргэдэд нээлттэй ногоон цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж байна.

 

Хүүхдийн парк ногоон цэцэрлэгт хүрээлэнтэй болсон түүх бол хотын иргэд өөрсдийн амьдрах орчны төлөө тэмцсэн түүх юм. Тун удахгүй иргэд өөрсдийн оролцоо, тэмцлийн үр дүнд бий болгосон ногоон орон зайдаа тухлан саатах бизээ.