Logo

"Мотор нь халсан" Улаанбаатар

Энэхүү нийтлэлийг 2022 оны 5 дугаар сард Монголын дата клубын хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын автомашин болон зорчилтын өгөгдлийн шинжилгээний нийгэмд чиглэсэн төслийн үр дүнг үндэслэн бэлтгэснийг албан ёсны эрхтэйгээр нийтэлж байна.
Datastory · 2024-03-18 · Уншсан: 333

Хөл дүүжлэх унаатай байна гэдэг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод өвөлжихөд ямар их дэмтэй байдаг гээч. Ялангуяа, энүүхэн уулзвар дээр түгжирчихээд наашлахгүй байгаа автобусыг харж зогсохдоо үүнийг улам илүү ойлгодог. 

Агаар нь амьсгалах аргагүй бохирдолтой, тух муутай автобуснаас өөр нийтийн тээвэргүй, шавааралдсан их барилгатай атлаа үр хүүхдэд маань  ойрхон цэцэрлэг, сургууль олддоггүй энэ хотдоо түгжрээд ч атугай машинтай явахаас өөр сонголтгүй билээ бид.

Бидний энэ сонголт нийслэл хотын маань автозамыг яг л мотор нь халсан тэрэг мэт "нам зогсоожээ". 

 

Ингэхэд нийслэлчүүд хэзээнээс ингэж таг түгжирч, тэг зогсдог болов? 

 

Түгжрэлийн тухай ярихад тайлбар их. Яг л олон талсттай бөмбөлөг шиг. Тэр бүгдээс нэлээд баримжаа авч болох ойлголт бол хэт их автомашинжилт юм. Нийслэлчүүд бид хөгжиж буй бусад улсын адил хотжилт, хүн амын шилжилт хөдөлгөөнийг дагаад хэт их автомашинжилт гэх үзэгдэлд нэрвэгджээ. “Монголын дата клуб” энэ удаа “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах төслийн нэгж”-тэй хамтран Авто тээврийн үндэсний төвийн хувийн автомашины бүртгэлийн өгөгдөл, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн гол замуудын 42 камерын зургаан сар (2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сар)-ын өгөгдөлд дүн шинжилгээ хийлээ.

 

Эдийн засгийн өсөлт үү, “моторын” халалт уу?

 

Тээврийн хэрэгслийн импортын бүртгэлийг харахад автомашины худалдан авалт нь эдийн засаг “буцлахад” нь дагаж “оргилдог”, буцаад “хөрөхөд” нь мөн адил саардаг хамаарал ажиглагдаж байна.

 

Манай улсын ДНБ түүхэнд байгаагүй өндөр өсөлттэй байсан 2011-2012 онд автомашины худалдан авалт ч өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн бол эсрэгээрээ 2015-2016 оны хямралын үеэр огцом саарчээ. Улмаар 2017 оноос эдийн засаг сэргэхэд моторжилт дагаад идэвхжсэн байна. Автомашины импортын тоо 2011 онд жилд дунджаар 70-80 мянга, 2019 онд бүр 90 орчим мянгад шүргэсэн нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт.

Нэг талаас эдийн засаг тэлж буй нь эерэг зүйл боловч нөгөө талаар богино хугацаанд өрнөсөн тэр халалтын толин тусгал нь Улаанбаатар хэмээх хумигдмал орон зайд хэт их автомашинжилт хэмээх ойлголтыг бий болгов.

Нийт автомашины 40 хүрэхгүй хувь нь орон нутагт бүртгэлтэй байгаа бол үлдсэн нь нийслэлийн төвийн 6 дүүрэгт төвлөрчээ. Энэ их төвлөрлийн улмаас нийслэлийн авто замын даац гурав дахин хэтэрсэн гэдэг мэдээллийг албаныхан өгч байна. Ийм байхад бид ажил-гэрийн хооронд хувийн машинаар зорчихын тулд түгжрэлд 2-3 цагийг зарцуулахдаа тэсгил алдан төмөр хүлэгээ хаяад явмаар болдгийг гайхах хэрэггүй биз.

Манай улсын нийт хүн амын 48 хувь нь (албан ёсны бүртгэлтэй) Улаанбаатарт оршин суудаг. Орон нутгаас шилжин ирэгсдийн тоо олон жилийн дунджаар 15-20 мянгад хэлбэлзэж байна. Харин шинээр орж ирж буй автомашины тоо сүүлийн 10 жилд 3-4 дахин нэмэгджээ. 2010 оноос өмнө жилд 20-30 мянга орчим байсан хувийн автомашины худалдан авалт одоо жилд 80-90 мянгаар хэмжигдэж буй юм. Ингэж автомашины худалдан авалт хүн амынхаа өсөлтөөс олон дахин давсан нь өнөөдөр хэт их автомашинжилтын тухай хөндөж ярихаас аргагүй болгож байна.

Нийслэлд сүүлийн 12 жилд хувь иргэн дээр бүртгэгдсэн 468.9 мянган автомашиныг 4 эгнээтэй замаар цувуулан өрвөл нийт 469 км болно. Энэ бол төв шуудангийн уулзвар буюу Монгол Улсын авто замын 0 цэгээс Дорноговь аймгийн Сайншанд хүрэх зай юм. Үндсэндээ эдийн засгийн өсөлт моторжилт бий болгодогийн илрэл юм. Автомашин нь иргэдийн хувьд, өрх айлын хувьд орон сууцны дараа эрэмбэлэгдэх чухал худалдан авалт. Тиймдээ ч эдийн засаг өсөж, иргэд мөнгөжих тусам тэрхүү мөнгөний урсгал автомашины худалдан авалтаар дамжин импортыг өдөөдгийг харж болох нь.

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан “Ядуурлын дүр төрх” судалгаагаар 2016 оноос хойш хүн амын ядуурлын түвшин дорвитой буугаагүйгээр барахгүй харин ч хот суурин газарт төвлөрөх хандлагатай байгааг онцолжээ. Мөн ажилгүйдлийн түвшин ч мэдэгдэхүйц агшаагүй байхад автомашинжилт яг л ам.долларын ханш мэт өссөн гэлтэй.

Худалдан авагчдын насны ангиллыг харвал мөн л эдийн засгийн өсөлттэй хамааралтай мэт. 30-49 насныхан хамгийн идэвхтэй худалдан авагчид байдаг аж.

 

2010 оноос хойшхи эдийн засгийн өсөлтийн эхний давалгааны үеэр буюу 2011 он 50-аас дээш насныхны хувьд хамгийн их автомашин худалдаж авсан жил байв. Харин Ковидын өмнө буюу 2019 он бол бусад бүх насныхны хувьд автомашины “хур буусан” жил болсон нь сонирхолтой. Мөн 2015 оноос хойш 25-29 насныхан автомашин худалдан авах нь идэвхжсээр 2019 онд 45-49 насныхантай эн зэрэгцэхүйц болжээ. Хүн амын насны бүтцийг харвал цаашид ч энэ насныхны автомашины худалдан авалт “халуун” хэвээр байж мэднэ.

 

Цахилгаан автомашины “гүйдэл”

 

Нийслэлчүүдийн автомашины одоогийн сонголтыг 2010 оныхтой харьцуулахад яг л цахилгаан автомашины “гүйдэл”-д цохиулсан мэт цочир өөрчлөлт гарчээ. 2010 онд нийслэлд бүртгэлтэй хувийн автомашины 49%-ийг дүрслэлд үзүүлсэн 15 төрлийн машин бүрдүүлж байсан бөгөөд сонголтын хувьд харьцангуй жигд байж. Гэтэл 2021 он гэхэд хос хөдөлгүүртэй автомашинаар ёстой л “буцалж” байгаа нь илт. “Prius”, “Аqua” гээд цахилгаан автомашины эрин үеийг далласан “хууччуул” ТОП-15 сонголтыг “цахилгаан гүйдлийн хурдаар” өөрчилсөн байх аж. Үүнд дэлхий даяар хөгжлийн хандлагыг тодорхойлж буй цахилгаан автомашины үйлдвэрлэл, нийлүүлэлт нөлөөлж байгаа нь мэдээж.

Гэхдээ Монголын хувьд энэ төрлийн автомашинууд нь шатахуун бага зарцуулдаг тул хэтэвчинд хэмнэлттэй, харьцангуй хямд, бас банк санхүүгийн байгууллагуудын зээлээр авах боломжтой байдаг гээд худалдан авалтыг өдөөх хүчин зүйл олон бий. Харамсалтай нь энэ бүх давуу тал нь он хуучинтай автомашин илүү нэмэгдэхэд нөлөөлжээ. 2010 онд иргэдийн худалдан авалтын 55.9% нь 10-аас дээш жилийн насжилттай автомашин байсан бол 2021 онд 66.7% болж нэмэгджээ.

Бид Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасны дагуу автомашины насжилтыг 0-3, 4-6, 7-9 ба 10-аас дээш жил гэж 4 янзаар ангилав. Гэтэл 10-аас дээш жилийн насжилттай автомашины худалдан авалт төвийн 6 дүүрэгт мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

Баянзүрх дүүрэгт 0-3 жилийн насжилттай автомашинаас бусад төрлийн автомашин хамгийн их нэмэгджээ. Харин харьцангуй он залуутай автомашины худалдан авалт Хан-Уул, Баянгол дүүрэгт илүү их өсөлттэй байна. Хаана хүн амын нягтрал их байна тэнд автомашины тоо их байдаг аж. Үүнийг илүү ойлгомжтой харуулахын тулд төвийн 6 дүүргийн хүн ам ба автомашины тоог хорооны түвшинд задалж үзэв. Хамгийн их төвлөрөлтэйг Баянзүрх дүүргийн 5, 25, 26 дугаар хороо тэргүүлж байгаа бол ХУД-ийн 11, 15 дугаар хороонд автомашины нягтаршил оршин суугчдынхаас давсан харагдаж байна. Эсрэгээрээ Сонгинохайрхан дүүргийн 34-40 дүгээр хорооны нутаг дэвсгэр автомашины нягтаршил хамгийн багатай байгааг дүрслэлээс харж болно.

Дүгнэлт

 

Нийслэл хотод сүүлийн 12 жилд бүртгэгдсэн хувийн автомашины өгөгдлийг дүгнэн шинжлэхэд эдийн засгийн болон хүн амын өсөлт нь автомашины импортын өсөлттэй шууд хамааралтай байдаг аж. Ялангуяа, эдийн засаг халах тусам автомашины худалдан авалт “буцалж” байна. Улаанбаатар хотын иргэдийн насны суварга, орон сууцны барилгажилт зэргээс харахад цаашид ч “моторын халалт” үргэлжлэх төлөв байгаа болов уу. Гэвч ойрын хэдэн жилдээ энэ их моторжилтыг даах авто зам, шингээх орон зайг нийслэл бий болгож амжихгүй. Энэхүү нөхцөл байдал нь тээврийн хэрэгслийн чанарын хувьд ч сөрөг нөлөө үзүүлж хуучин автомашиныг нэмэгдүүлж буй нь өгөгдлийн шинжилгээгээр илэрлээ.